Өнөөдөр нутгийн төв хэсгээр, маргааш нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Гуравдугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Хэнтэйн уулархаг нутаг болон Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дундговийн нутгаар өдөртөө 0-5 градус, бусад нутгаар өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. Өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Гуравдугаар сарын 02-06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь, талын нутгаар, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө  27-32 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 

Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.