Монгол Улсын иргэн хоёр эмэгтэйг Малайзын цагдаагийн ажилтан зочид буудалд хүчээр оруулан хүчирхийлсэн хэрэг тус улсын Петалинг Жаяа хотод энэ сарын 10-ны өдөр гарсан байна. 

30 гаруй насны цагдаагийн ажилтан Баасан гарагийн шөнийн замын хөдөлгөөнийг хянах албан үүргээ гүйцэтгэж байхдаа энэхүү бусармаг үйлдлийг хийжээ.

Энэ үеэрээ тус цагдаа монгол бүсгүйчүүдийн машиныг зогсоон ойролцоох зочид буудалд 24 цагаас илүү хугацаагаар байлгаж, хүчирхийлсэн байна. 

Петалинг Жаяа дүүргийн туслах комиссар, цагдаагийн ажилтан Ник Изаний Файзал "Бямба гарагт хэргийн талаар мэдээлэл авч хоёр эмэгтэйг аюулд оруулахгүйн тулд оройн 9:30 цагт хоёр ч газар тусгай ажиллагаа явуулж тэднийг аварсан" гэж ярьжээ. Бүсгүйчүүд 20-33 насны бөгөөд биедээ ямар нэгэн бичиг баримтгүй, англи, малайз хэлээр ярьдаггүй байсан тул хохирогчдын нэгнийх нь найзаар дамжуулан хэл нэвтэрсэн байна. 

Гэмт хэрэг үйлдсэн цагдаагийн ажилтныг баривчилсан байна. Хохирогчдыг цагдаагийн хамгаалалтад авч, эмнэлэгт хүргэсэн байна.


Эх сурвалж: https://www.straitstimes.com/