Малайз улс ойрын хугацаанд цаазын ялыг хална гэж “New Straits Times” сонинд тус улсын Ерөнхий сайдын тамгын газрын мэдээллийг иш татан бичжээ.

Малайзын Сайд нарын танхим цаазы ялыг халах тухай шийдвэрийг баталж парламентдаа өргөн барьсан гэж тус улсын Ерөнхий сайдын тамгын газрын дарга Лиу Вуи Кеонг мэдэгдсэн байна.

Цаазын ялыг халах тухай хуулийн төслийг аравдугаар сарын 15-нд болох парламентын доод танхимын хуралдаанаар хэлэлцэх аж.

Малайзын хуульд заасны дагуу хүний амь хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, эх орноосоо урвасан, хаант улсын эсрэг зэвсэгт бослого гаргасан, мөн их хэмжээний мансууруулах бодисыг хууль бусаар наймаалсан зэрэг онц ноцтой гэмт хэрэгт үйлдсэн тохиолдолд цаазын ял оноодог байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг