Харийн нутагт харамсалтайгаар амиа алдсан Ш.Алтантуяа бүсгүйн хэрэг удах тусам мартагдсаар, илрэхгүй хэргийн тоонд багтаад байсан юм. 

Өнгөрсөн жилээс уг хэрэг дахин сэргээгдэн шалгагдаж эхэлсэн бөгөөд шүүх хурал нь энэ сарын 20-нд эхэлсэн байна. Малайз улсын Куала Лампур хотноо гурав хоног болох аж. 

Уг хуралд хүний эрхийн байгууллагыг төлөөлж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг томилолтоор ажиллаж байна. Тэрбээр Малайз улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэний өмнөөс шүүх ажиллагаанд төлөөлөн нэхэмжлэгчээр оролцож байгаа юм.

Хохирогчийн ар гэрийнхэн болон шүүх хуралд оролцох хуулийн багийнхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ. 

Энэ талаар ХЭҮК-оос тодруулахад "ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг нэгэн байгууллагад хүний эрхийн шалгалт хийнэ. Шалгалт гэнэтийнх учраас, мөн шалгалтын үр дүнд нөлөөлж болзошгүй тул урьдчилан мэдээлэх боломжгүй" гэлээ.

Зургийн тайлбар: Шүүх хуралд оролцох ажлын хэсгийн уулзалт

Хэргийн талаар эргэн сануулбал, Малайзын нэртэй улс төр судлаач 40 настай Абдул Разак Абдулла Багинда нь тус улсын хоёр цагдааг хөлслөн авч, талийгаач бүсгүйг бөглүү ойд аваачин толгой руу нь буудаж хороогоод, цогцсонд С-4 хэмээх тэсрэх бөмбөг хоёрыг бэхэлж, дэлбэлсэн байдаг. Хэргийн газраас олдсон ясны хэдэн хэлтэрхийнд шүүх эмнэлгийнхэн шинжилгээ хийж аймшигт явдлыг илчилсэн билээ. Хэргийн эзэн Р.Багинда нь Оксфордын их сургуулийн доктор, профессор, Швейцарийн Давосын Дэлхийн эдийн засгийн форумын хүндэт гишүүн бөгөөд тус улсын Батлан хамгаалахын коллежийн Стратеги судлал, Олон улсын харилцааны салбарын эрхлэгч, тухайн үед нэртэй улстөрчдийн зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг. Тэрбээр талийгаач Ш.Алтантуяагаар орчуулга хийлгэдэг байсан талаар мэдээлэл бий. Р.Багинда нь мафийн бүлэг эгнээнд зүй ёсоор багтдаг бөгөөд улс орон дамнасан зэвсгийн наймаанд талийгаачийг дагуулж явдаг байсан, ээлжит нэгэн уулзалтынхаа үеэр орчуулага хийлгэсний дараа гэрчийг устгасан гэж үздэг.