ШӨХТГ иргэдийн гомдлын дагуу ажиллажээ. Энэ өдрүүдэд худалдаачид бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн хүнлэг бус үйлдлүүд гаргаж байгаа талаар иргэд, хэрэглэгчдээс цөөнгүй мэдээллийг 1800-1284 утсанд мэдээлэл ирүүлсэн гэв.

Үүнтэй холбоотойгоор яаралтай ажлын хэсэг гарч ажилласан бол өнөөдөр ШӨХТГ-ын дарга, улсын байцаагчдын хамт “Хүчит шонхор” худалдааны төв дээр очиж нөхцөл байдалтай танилцжээ.

ШӨХТГ нөхцөл байдлыг дүгнэхэд:

“Хүчит шонхор” худалдааны төвд өнөөдөр хөдөө, орон нутгаас махны нөөц хангалттай ирсэн, үнэ 500-1500 төгрөгөөр буурсан, худалдаа, арилжаа хэвийн үргэлжиж байлаа. Зарим орон нутгаас ирж мах худалдаалж буй иргэдтэй уулзахад “Хонины мах 6500, ямааны мах 5500 төгрөгөөр борлуулж байна. Өглөө ирээд 10-иад л мах зарлаа. Борлуулалт муу байна” гэж хэлж байв.

Засгийн газраас хүнсний хомсдол үүсгэхгүй, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах үүднээс  шаардлагатай зохицуулалтуудыг хийж, тодорхой арга хэмжээнүүд хийгдэж байна.

Нөөцийн махууд 279 цэгээр худалдаалагдаж, бөөний захуудад мах хангалттай хэмжээнд борлуулагдаж байна. 

“Хүчит шонхор” худалдааны төв түрээслэгчиддээ тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлсэн байна. 


Иймд иргэд, хэрэглэгчид Та бүхнийг бодит бус мэдээлэл, цуу ярианд итгэн зохиомол эрэлт бий болгохгүй байхыг уриалмаар байна. Иргэдийн дунд худал мэдээлэл тарааж буй хүмүүсийг Цагдаагийн газраас шалган зохих арга хэмжээнүүдийг авч байна. 

ШӨХТГ-аас “Хүчит шонхор” худалдааны төвийн холбогдох албаны хүмүүст иргэд, хэрэглэгчдийг хохироохгүй байхад анхаарч, хяналт тавьж ажиллах шаардлагыг тавьлаа. 

Мөн цаашид бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэг ч төгрөгөөр нэмэхгүйгээр иргэд, хэрэглэгчдэд үйлчлэхийг үйлдвэрлэл эрхлэгчид, худалдагчид, аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна.