Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ард түмэнд хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ "Ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гаргасан" хэмээн мэдэгдсэн. Уг асуудлаарх эдийн засагч, улс төрч, нам эвсэл, олон нийтийн байр суурь өнөөдрийг хүртэл нийгэмд давалгаалж байна.

Үүнтэй холбоотойгоор МАХН өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга "Монгол Улсын иргэдийг өрийн дарамтаас чөлөөлөх хувьсгалыг хийх энэ санаачилгыг МАХН дэмжиж, талархан хүлээж авч байна. Биднээс илүү монголын ард түмэн талархаж байгаа. Аливаа асуудлыг цогцоор нь шийдэх нь чухал. 

Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл асуулт хэвээр байгаа. Ерөнхийлөгч энэ талаар УИХ-д чиглэл өгөхдөө дараах байдлаар чиглэл өгөх нь зүйтэй гэж МАХН үзэж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Капитал банк дампуурч, уг банкинд байршиж байсан Нийгмийн даатгалын сан буюу тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангийн 134,8 тэрбум төгрөг гээд нийт 240 орчим тэрбум төгрөг алга болсон. Үүний бурууг УИХ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Ундармаа, АН-ын дарга С.Эрдэнэ нарын хуйвалдаантай холбон шүүмжилж буй. Тиймээс энэ их хэмжээний мөнгийг алга болгосон буруутан этгээдүүдийг шалган тогтоож, тэднийг ахмадуудын тэтгэврийн зээлийн өрийг төлөх эх үүсвэр болгох нь зүйтэй.

Хоёрдугаарт, Хөгжлийн банкны үр ашиггүй зарцуулсан 1.2 их наяд төгрөгийн буруутан этгээдүүдээр төлүүлэн ахмадуудын зээл, зээлийн үлдэгдлийг тэглэх нь зөв.

Гуравдугаарт, Аудитын шалгалтаар нотлогдох баримтын хүрээнд АСЕМ зохион байгуулах нэрийдлээр 395.7 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэж тогтоосон байдаг. Энэ их мөнгийг үрэн таран хийсэн буруутнуудаар нь төлүүлж, мөн тэтгэврийн зээл, зээлийн үлдэгдлийг төлөх эх үүсвэр болгох нь зүйтэй.

Дөрөвдүгээр, Оффшор дансны 17 тэрбум доллар

Тавдугаарт, АТГ-ын албан ёсны мэдээлэлд албан тушаалтнууд 12 их наяд төгрөг хулгайлсан тухай тодорхой дурдсан байдаг. Эдгээр албан тушаалтныг шалган тогтоож, тэднээр хулгайлсан мөнгийг нь төлүүлж, ахмадуудын зээлийг тэглэх эх үүсвэр болгох нь шударга ёсонд нийцнэ гэж МАХН үзэж байна" хэмээн мэдээллээ.

Мөн тус намынхан "Тэтгэврийн зээлийг тэглэхийг дэмжиж байна. Гэхдээ татварын мөнгөөр биш авлигачид, оффшорчдын мөнгөөр зээлийг тэглэ. Мөн цалингийн зээлийн хүүг тэглэ. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг удаа нэг сая төгрөгийн урамшуулал олго" хэмээв.