Энэ сарын сарын 20-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар МАХН-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус нам Сонгуулийн тухай хуульд хориг тавих хүсэлт бүхий албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлж буй аж.

Энэ талаар МАХН-ынхан "Монгол Улс ардчилсан хуулийн дор засаглагддаг байсан бол энэ сонгуулийн хууль батлагдсанаар хуулийн дарангуйлал дор захирагддаг дэглэм рүү орж байна. Тиймээс хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргэж байна" хэмээн онцоллоо.

МАХН Ерөнхийлөгчөөр хориг тавиулах хүсэлтдээ:

1. МАН-ынхан өмнө нь сонгуулийн хуульд зохицуулж байсан гадаадад оршин сууж буй Монгол Улсын иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх боломжтой гэсэн утга санаа бүхий зүйл заалтыг сонгуулийн хуулиас хасжээ. Ингэснээр тэд Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-ийн Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна, Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ зэрэг заалтыг зөрчжээ.

Өнөөгийн эрх баригчдын улс төр, эдийн засгийн харалган бодлогын үр ашгаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, амьдралд нь хүрэлцэх орлого олдохгүй, орон сууцанд суух боломжгүй зэрэг бодит шалтгааны улмаас өөрийн эрхгүй гадаад улс оронд сурч боловсрон ажил хөдөлмөр эрхлэн оршин сууц буй Монгол Улсын иргэдийг санаатайгаар ялгаварлан гадуурхаж, Үндсэн хуульд тодорхой зааж тогтоосон эрхийг нь эдлүүлэхгүй байгаа нь ноцтой зөрчил мөн гэж бид үзэж байна. Тийм учир Сонгуулийн тухай хуульд гадаадад оршин сууж буй Монгол Улсын иргэд УИХ-ын сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэх зохицуулалт заавал тусах ёстой. 

2. МАН-ынхан Сонгуулийн тухай хуулийг хүч түрэмгийлэн дангаараа батлахдаа эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн жендерийн тэгш бус байдлыг хуульчлан баталгаажуулсан. Нийт нэр дэшигчдийн 30 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байна гэж зааснаасаа ухарлаа. Тиймээс энэ зохицуулалтын сонгуулийн хуульд тусгах нь зүйтэй.

3. Сонгуулийн тухай хуульд "Авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно" гэж зохицуулжээ. Энэ нь наанаа иргэдэд таалагдах томъёолол боловч үнэн хэрэгтээ МАХН-ын дарга Н.Энхбаярын эсрэг оруулсан заалт байна хэмээн олон түмэн үзэж байна. Эрх баригчид нэг хүнд зориулж, түүний эрх зүйн байдлыг дордуулж, эрх, эрх чөлөөг нь хязгаарласан заалт оруулж болохгүй. Энэ нь хүний эрх чөлөөг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл

4. Сонгуулийн тухай хуульд хандиьын хэмжээг нэмсэн нь нэр дэвшигчидээ сонгон шалгаруулахдаа мэдлэг боловсрол, ёс суртахууныг нь харгалзахын оронд мөнгөтэй эсэхээр нь шалгуур хийх, улмаар нэр дэвшигчид сонгуултд зарцуулсан мөнгөө буцаан олохын тулд хууль бус үйл ажиллагаа явуулах, нам эвсэл хандилагчиддаа ашигтай шийдвэр гаргах зэрэг  хууль бус үйлдлийн үндэс болж байна. Иймд 60 тэрбумын хэрэг шиг хууль бус үйлдлүүд гарахгүй байх үүднээс сонгуулийн зардлыг зөвхөн улсын төсвөөс гаргаж, нам эвсэлд тэнцүү хуваарилна, өөрөө болон хандиваар мөнгө гаргаж болохгүй гэж тусгах нь зүйтэй" хэмээжээ.