Шинжлэх ухааны Академи, Япон улсын Окаяма хотын шинжлэх ухааны сургууль хамтран хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Өмнө нь Палеонтологи, геологийн хүрээлэн тус хотын шинжлэх ухааны төвтэй хамтран “Монголын говийн эртний экосистем” сэдэвт судалгааг хамтран хийж ирсэн түүхтэй.

Ирэх дөрвөн жил хамтран ажилласнаар Монголын үлэг гүрвэлийн Олон улсын судалгааны төсөл” –ийг хэрэгжүүлэх юм. Өмнө нь манай палеонтологичид Японы эрдэмтэдтэй хамтран Монголын говиос үлэг гүрвэлийн мөр олж байсан билээ. Дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулсан уг мөрний хэмжээ нэг метр бөгөөд мөрний дээр нь сарвууны хэлбэр хүртэл хадгалагдан үлдсэн байжээ. Мөрийг кретацийн галав буюу 70-90 сая жилийн өмнө тооцогдох геологийн настай газрын давхаргаас олсон аж. Япон, Монголын  палеонтологичдын үзэж байгаагаар  тус мөр нь өвсөн тэжээлтэй Зауропод хэмээх аварга гүрвэлийн зүүн хойд хөлийн мөр  гэнэ. 


Иймэрхүү судалгааны ажлууд багагүй байгаа бөгөөд хамтран ажилласнаар “Монголын үлэг гүрвэлийн Олон улсын судалгааны төсөл” илүү өргөн далайцтай болж үлэг гүрвэлийн судалгааны дэлхийн түвшинг ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа Окаямагийн Их сургуулийн төлөөлөгч онцолж байв.

Мөн тэд энэ оны сүүлээр Япон улсад үлэг гүрвэлийн томоохон  үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнд зөвхөн Монголын говиос олддог махан идэшт тарбазавр, өвсөн идэшт үлэг гүрвэлүүдийг Япончуудад сонирхуулах аж.