Монголын 111 иргэн БНХАУ-д ял эдэлж байгаа бол 190 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Түүний дотроос Макаод хулгайн гэмт хэргээр яллагдсан 12 иргэнийг ялтан шилжүүлэх гэрээгээр Монголд авчрахаар болсон байна. 

"Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр"-т талууд 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрийг хоёр талын хууль тогтоох дээд байгууллага соёрхон баталснаар албан ёсоор хэрэгжиж эхлэх бөгөөд Макаод ял эдэлж буй иргэдээ эх орондоо шилжүүлэн авах боломж бүрдэх аж. 

УИХ-аар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.