УИХ-ын чуулганаар “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Монгол Улсад хотжих үйл явц өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст хурдацтай өрнөж өнөөгийн байдлаар хот, суурин газарт амьдарч байгаа хүн амын эзлэх хувь өссөөр байна. Үндэсний статистикийн хорооны 2018 оны мэдээллээр нийт 3,2 сая хүн амын 2,2 сая хүн ам буюу 67 хувь нь хот, суурин газарт амьдарч байгаагаас 1,4 сая хүн ам буюу Монгол Улсын нийт хүн амын 45 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан нь 1990 онд нийт хүн амын 55.8 хувь нь хот, суурин газарт амьдарч байсантай харьцуулахад нэмэгджээ.

Монгол Улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын 39.7 хувь нь хот, суурин газарт төвлөрсөн байгаа бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршин дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Үүнээс үүдэлтэйгээр томоохон хотуудын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрлийн улмаас дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний даац хэтэрч, хүртээмж нь хүрэлцэхгүй болж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудлыг бий болгож байна. Нийслэл Улаанбаатар хотод манай улсын их, дээд сургуулиудын дийлэнх нь буюу 88.5 хувь нь байршиж, тэдгээрт нийт оюутан сурагчдын 95.3 хувь нь суралцаж байна.

Нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн дагуул болон бусад хотуудыг байгуулж, хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс Аэросити, Майдар хотыг шинээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Шинэ хотууд байгуулагдсанаар тэдгээрт суурьшлын бүсүүд үе шаттайгаар бий болж, Улаанбаатар хот уруу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Аэросити хотын хувьд олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг даган хөгжих бөгөөд энэ хотын ойролцоо шинэ төмөр зам, олон улсын хурдны зам зэргийг байгуулагдахаар төлөвлөгдсөн. Мөн уг хотод шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн төрөл бүрийн үйлчилгээний газрууд, ажилчдын орон сууцны хороолол, ачаа тээвэр, логистикийн сүлжээний байгууламжууд зэргийг байгуулснаар Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн сүлжээний хамгийн том төв болж, Улаанбаатар хотод төвлөрөөд байсан гадаад худалдааны ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн ихэнх нь энэ хот руу шилжиж, Улаанбаатар хотын авто замын ачаалал буурах ач холбогдолтой.

Харин Майдар хотод “Их Майдар” бурхны хөшөөт цогцолбор, кино үйлдвэрийн цогцолбор, түунийг дагасан зочид буудал, музей зэрэг аялал жуулчлалын томоохон байгууламжууд байгуулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд аялал жуулчлалын шинэ урсгал бий болохоос гадна зарим их, дээд сургуулийг уг хотод нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж Засгийн газар үзсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, О.Баасанхүү нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.