ГХЯ-ны зүгээс КОВИД-19 цар тахлын улмаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны үйл ажиллагаанд учирч буй сөрөг үр дагаврыг бууруулах, эдийн засгийг сэргээх, гадаад улсад оршин суугаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр эн тэргүүнд анхаарч ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд НҮБ-ын байгууллагууд, тэр дундаа НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба, Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Хүүхдийн сан болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж ирлээ. 


Улаанбаатар дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын удирдлага дор НҮБ-ын байгууллагууд хамтран цар тахалтай тэмцэх, нийгэм, эдийн засгийн нөлөөллийг нь бууруулах чиглэлээр ирэх 12-18 сарын хугацаанд хэрэгжүүлэх хариу арга хэмжээ авах стратегийг (socio-economic response) боловсруулсан ба иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг сэргээх, макро эдийн засгийн түвшинд авах арга хэмжээ ба олон талт хамтын ажиллагаа болоннийгмийн уялдаа зохицол ба олон нийтийн дасан зохицох явц гэсэн 5 тулгуур баганын хүрээнд арга хэмжээ авч ажиллаж байна. Тус яамны зүгээс цар тахлын үед ажилгүйдлийг бууруулах, иргэдийг орлоготой байлгах, гадаадад байгаа монгол иргэдэд туслахад чиглэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. 


Тухайлбал, НҮБ-ын Хүн амын сангаас Люксембургийн Засгийн газрын 345,000 евро буюу 1,1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар гадаадаас эх орондоо ирээд тусгаарлалтад байгаа охид, эмэгтэйчүүд, мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх ажиллагааны эрсдэлд нөхцөлд ажиллаж буй эмэгтэй төрийн албан хаагчдад 237,663,000 төгрөгийн өртөг бүхий 2490 ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг тараах төслийн нээлт энэ 8 дугаар сарын 21-нд боллоо. 


Монгол Улс НҮБ-ын КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх Олон талт хамтын ажиллагааны итгэлцлийн сангаас 1,000,000 ам.доллар (нэг сая)-ын санхүүжилт авсан. Эл хөрөнгийг зайлшгүй шаардлагатай оношлуур, оношлогооны аппарат авах, мөн цахим сургалтын контент бэлтгэхэд зарцуулна. КОВИД-19 цар тахлын асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүрээнд батлагдсан нэр бүхий тогтоолуудад хамтран зохиогчоор оролцох, хамтарсан мэдэгдлүүдэд нэгдэх зэргээр идэвх санаачилга гарган ажиллаж байна.