Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн "Шадар сайдын тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилийг эхлүүлэх эсэх асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж, ажиллалаа. Холбогдох бүх байгууллагын төлөөлөл тус ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд санал дүгнэлтээ өнөөдөр Улсын онцгой комисст танилцууллаа. 

2019-2020 оны хичээлийн жилийн хавар нийт 75 өдөр хичээлийг цахимаар явуулж, дуусгасан. Өнөөдрийн хуралд хичээлийн жилийг тодорхой үе шаттай эхлүүлэх саналуудыг танилцуулсан. Энэ асуудлыг Засгийн газрын маргаашийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо.

2020-2021 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 305.000 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 682.000 сурагч, их, дээд сургуульд 150.000 оюутан суралцана. 

Тэдний сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх боломж байгаа эсэх, эхлүүлбэл хэрхэн эхлүүлэх вэ гэдэг асуудлаар Улсын онцгой комисс өнөөдөр тодорхой чиглэл өглөө. Өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг дахин боловсруулалт хийж, Засгийн газрын маргаашийн хуралдаанаар эцсийн шийдвэр гаргуулна" хэмээлээ.