Коронавирусээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг УИХ-ын Түр хороо өнөөдөр хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан Их, дээд сургуулийн оюутнууд, төлбөртэй дунд сургуулиудын сурагчдын хичээлд суугаагүй хугацааны төлбөрийг яаж шийдэж байгаа талаар тодрууллаа.

Хариултад нь Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн "Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа танхимын бус хэлбэрээр ямар ч саадгүй үргэлжилж байгаа.

Одоогоор хичээл, сургалтын үйл ажиллагаа зогссон үе байхгүй. 11 дүгээр сарын 11-нээс хувийн болон төрийн бүх сургууль, цэцэрлэгийн хичээл теле, онлайнаар явагдаж байгаа. Хичээл танхимын бус хэлбэрээр хэвийн явагдаж буй энэ тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж эцэг эхэд нь өгөх асуудал байхгүй.

Хувийн их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудын хувьд оюутан, сурагчдын эцэг эх нь тухайн сургуультай гэрээ байгуулсны үндсэн дээр төлбөрийн асуудлыг шийддэг. Тус гэрээний хүрээнд зохицуулагдана" гэв.