Бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 01-нээс шат дараатай эхлүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр эцэслэн баталсан. 

Энэ хүрээнд авах арга хэмжээний талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "Хичээл, сургалтыг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр эхлүүлэхийг зөвшөөрч, үүний бэлтгэлийг нэг сарын хугацаанд хангаж ажиллахыг Засгийн газраас даалгалаа. 

9 дүгээр сарын 01-нээс ЕБС, цэцэрлэгийн, 9 дүгээр сарын 14-нөөс МСҮТ-ийн, 10 дугаар сарын 05-наас их, дээд сургууль, коллежийн танхимын хичээл эхэлнэ. Гэхдээ 9 дүгээр сарын 01-нээс бүх их, дээд сургууль, МСҮТ, коллежийн цахим хичээлийг эхлүүлнэ.

Хүндрэлтэй энэ нөхцөлд Засгийн газар танхимын хичээлийг эхлүүлэх шийдвэрийг зоригтой гаргалаа. Улмаар бүх шатны сургуулийн нэг ангид 20 хүүхэд байхаар тогтсон. Энэ дагуу цэцэрлэг 20 хүүхдээр бүлэг дүүргэлт хийгээд явна. 

ЕБС-ийн хувьд онцлогтой байгаа. Сум, баг, тосгоны сургуулиуд бүлэг дүүргэлтээ хангаад энгийн горимоор хичээллэнэ. Ачаалал ихтэй буюу аймгийн төв, нийслэлийн сургуулиудын хувьд 3 өдөр танхимаар, 2 өдөр цахим хэлбэрээр хичээллэнэ. Бүлэг дүүргэлттэй холбоотойгоор ийм зохицуулалт хийхээр болсон. 

Цэцэрлэгийн хувьд улсын хэмжээнд 2 настай хүүхдийг гэр бүлийнх нь орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээг авна гэж тооцсон. Тэгэхээр 2020-2021 оны хичээлийн жилд 2 настай хүүхэд цэцэрлэгт элсэх боломжгүй. 3-4 настай хүүхдүүд цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч цэцэрлэгт хамрагдана. Сургуульд орох бэлтгэлийг нь хангах зорилгоор 5 настай бүх хүүхдийг цэцэрлэгт 100 хувь хамруулахаар тооцсон. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээлийг үргэлжлүүлэн орно.

МСҮТ, их, дээд сургуулийн лекцийн хичээл 100 хувь цахимаар явагдана. Дадлага, семинар, лабораторын хичээл танхимын хэлбэрээр орно. Эдгээр нь бүгд нэг танхимд 20 хүүхэд байхаар зохицуулагдана. 

Эдгээрийг зохион байгуулж, сургалтын үйл ажиллагааг явуулахад бүх багш, сургалтын байгуулагын ажилчид, эцэг эх, оюутан суралцагчдын оролцоо, гаргасан журмыг дагаж мөрдөх байдал маш чухал. Тус бүрийн мөрдөх дүрэм журмыг боловсруулж байна. Өнөөдрөөс чиглэл чиглэлээр ажлын хэсэг гаран ажиллаж байна" хэмээлээ.