УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж, олонх нь дэмжлээ. 

Тодруулбал, хэлэлцүүлгийн төгсгөлд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганд оролцсон 66 гишүүний 58 буюу 87.9 хувь нь дэмжиж, түүнийг Ерөнхий сайдаар томиллоо. Тэрээр өмнөх Засгийн газрын гишүүн бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан.

Өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцорсон бөгөөд хуулийн дагуу Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буй юм. Тиймээс шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын хугацаанд сайд нарыг томилж, танхимаа бүрдүүлнэ. 


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн намтар

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. Ам бүл 5 /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/. Сэтгүүлч, Эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуулийг, 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг, 2015 онд Харвардын Их сургуулийг тус тус төгссөн.

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь:

  • 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002-2008 онд “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирал
  • 2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2009-2011 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Намын байгуулалтын газрын дарга
  • 2011-2014 онд Нийгмийн ардчилал, Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
  • 2012 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна.