Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкнаас зээлж авсан ч хугацаанд төлөөгүй,хугацаат график алдагдсан  компаниудын хэргийг прокурорын байгууллагад шилжүүлж байгаа тухайгаа өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

"Жаст групп" компани Өмнөд Африкийн Стандарт банкнаас 2009-2012 оны хооронд нийт 160.1 сая ам.долларын зээл авсан. Үүнд "Эрдэнэт үйлдвэр" ХК  баталгаа гаргасан асуудлаар АТГ-т хэрэг бүртгэлт нээгдсэн, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна.

Зээлдэгч Жаст групп"-тэй холбоотой асуудал Лондоны арбитрын шүүх дээр хандагдаж, "Эрдэнэт үйлдвэр"-ийг баталгаа гаргасан гэж үзэн тус үйлдвэрийн дансыг битүүмжлэх нөхцөл байдал үүссэн. Тиймээс Стандарт банканд төлөх 40 сая ам.долларыг "Эрдэнэт үйлдвэр"-ийн "Эрсдлийн сан"-гаас гарган төлүүлсэн. Энэ утгаараа уг асуудлаас улбаалж төр хохирсон гэж үзэн прокурорын байгууллагад хандаж байна.

Цаашид нийтийн эрх ашиг зөрчигдсөн асуудлаар шууд прокурорын байгууллага хариуцдаг жишиг тогтоож байна. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Үүний нэг жишээ нь Хөгжлийн банкны зээл болж байна. Тиймээс Засгийн газар анх удаа энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж байна.