УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр иргэдийн санал, хүсэлтийг авах Засгийн газрын 1111 төвд ажиллажээ.

Тэрээр энэ талаараа "Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн ажилтай танилцлаа. “1111 төв” гэдгээр нь иргэд сайн мэддэг энэ төвийн бүтэц, орон тоо хумигдсанаас болоод үйл ажиллагаа нь өмнөхөөсөө саармагжсан байна. Наад зах нь урьд нь 6 оператор ажиллаж иргэдээс ирсэн санал, гомдлыг утсаар, мессежеер, онлайнаар гэх зэрэг 10 гаруй сувгаар хүлээж авч, хариу өгдөг байсан бол одоо ердөө 2 гэрээт оператор ажиллаж байгаа аж. Энэ хэрээр иргэд тус төв рүү хандах нь ч багасчээ. Төсөв, хөрөнгөтэй холбоотой хүндрэл ч байдаг бололтой.

Төрийн албаны бүх шатны байгууллагуудтай холбоотой гомдол, санал маш их байдаг ч иргэд хэнд хандахаа мэдэхгүй байна. 

Өөрөөр хэлбэл ажил ихтэй, завгүй гэдэг шалтгаанаар иргэдээ сонсдог хүн өнөөдөр төрд алга болсон нь үнэн. Тиймээс иргэд өөрсдийг нь сонсохгүй байгаад маш их бухимдаж байна.

Нөгөө талдаа төрийн албан хаагчид өөрсдөд нь тавих хяналт энэ мэтчилэн суларч байгаа учраас албан тушаалдаа эрдэж, шалтгаангүйгээр иргэдийг чирэгдүүлэх, үүгээрээ далимдуулж авлига нэхэх, хүнд суртал гаргах байдал гарч байгаа. Энэ бол нууц биш.

Тэр, энэ Ерөнхий сайдын үед энэ төв сайн, муу ажиллаж байсан гэдэг дүгнэлт одоо хэрэггүй. Монгол Улсын төр бол ганцхан. Тиймээс сайн жишгийг үргэлжлүүлээд явах ёстой. Энэ төвд иргэн, төр хоёрын “амьд” харилцаа үүсэх ёстой. Иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг заавал холбогдох албан тушаалтнуудад нь хүргэж, ирсэн хариуг нь тухайн иргэнд заавал эргэж мэдэгдэх ёстой. Ингэвэл төрийн албаны үйлчилгээний хурд нэмэгдэж, хяналт сайжирч, үйл ажиллагаа нь ил тод болно. Ямар ч гэсэн энэ төвийг удахгүй "шинэ" төрхтэй болгоно" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ.