Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар нийслэлд замбараагүй олгосон газар олголттой холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Олон нийт зөвөөр ойлгох хэрэгтэй. Бид аливаа төлөвлөлтгүй асуудалд тодорхой хэмжээний захиргааны арга хэмжээ хэрэглэж байж, цаашид урт хугацаанд зөв төлөвлөх зайлшгүй шаардлага үүсч байна. 

Улаанбаатарын утаа, түгжрэлтэй холбоотой асуудалд улстөрчид оролцсон. Үүсээд буй асуудал, дутагдлын хажуугаар Засгийн газар чимээгүй өнгөрч болохгүй. Тиймээс өнгөрсөн 27 жилийг бүхэлд нь дүгнэж, цэгцлэх асуудал гарч ирж буйн нэг нь газар олголттой холбоотой асуудал.

Жишээлбэл, НЗД-ын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га газрыг Улаанбаатар хотын банкинд 5 жилийн хугацаатай олгосон. Энэ бол төлөвлөлт хийхэд туйлын хэцүү газар юм. Эдгээрт Улаанбаатар зочид буудлын урдах талбай, Сүхбаатарын талбайн урдах газрууд. Найрамдал зуслангийн газрууд орж байгаа. Энэ бүх газрыг өмнө нь Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан гээд яваад байж болно. Гэвч цэгцлэхгүй бол Улаанбаатар хотыг төлөвлөхөд туйлын хүнд байдалд орно. 

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар "Найрамдал" зуслангийн газартай холбоотой асуудлыг хэлэлцэж, тогтоол гаргалаа.

Олон улсын хүүхдийн "Найрамдал" төвийг улсын төсөвт байгууллага болгож, бүтэц, чиг үүргийг шилжүүллээ. "Найрамдал"-ын талбай дотор 100 гаруй аж ахуйн нэгжид газар олголт хийгдсэн байгаа. Найрамдлыг төрийн онцгой объект гэж үзэж болно. Аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэхийг мэдээж дэмжинэ. Гэхдээ хүүхдийн Найрамдал зуслан, Улаанбаатар зочид буудлын урд талын саад, Цэдэнбалын цэцэрлэгт хүрээлэн зэрэг рүү ингэж дайрч орж болохгүй. 

Тэгэхээр эдгээрийг цэгцлэх үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Улаанбаатар хотын удирдлага, БХБ-ын сайд, БОАЖ-ын сайд гуравт өгсөн. Ирэх даваа гараг хүртэл бүх материалыг бэлдэнэ. 

Даваа гарагт үдээс хойш Засгийн газар газартай холбоотой асуудлаар нийслэл дээр очиж ажиллахаар болж байна. Мөн замбараагүй олгогдсон газар олголтуудыг цэгцлэх зорилгоор Ажлын хэсэг байгууллаа. Зөвшөөрөлгүй газар олгосон зарим объектыг буулгахаас өөр гарцгүй болж байна. Үүнийг зөвөөр ойлгоорой. Тэгэж байж бид сургамж авахгүй бол болохгүй байна" хэмээн мэдэгдлээ.

Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.