УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар. Л.Оюун-Эрдэнэ нар энэ сарын 27-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлжээ.

Шаардлага бүхий тус албан бичигт:

"Бид 2019 оны 1 дүгээр сарын 28-нд "Баялагтаа эзэн Монгол" бүлэг байгуулан хуулийн засаглал, баялгийн тэгш хуваарилалт, шударга ёсны төлөө тэмцлээ үргэлжлүүлж байна. Төр засгийн удирдлагууд, ард түмнийхээ дэмжлэгийн үр дүнд Шударга бусын хонгилын толгойлогчид, МАНАН, мафийн гар хөл бологчид, 60 тэрбумын сүлжээг үндэслэгчид болох УИХ-ын дарга М.Энхболд, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, АТГ-ын дарга Х.Энхжаргал, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг нарыг огцруулсан.

"Баялагтаа эзэн Монгол" бүлгээс 2019 оны 4 дүгээр сарын 15-нд Улсын прокурор Г.Жаргалсайханд олон нийтэд хүлээлт үүсгэсэн дарах 23 хэргийг хуулийн шударгаар шийдүүлэхээр хүргүүлсэн. Уг хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хууль хүчний байгууллагын шинэтгэлийн хүрээнд Шүүхийн байгууллагууд бугшсан хуульт ёсыг уландаа гишгэдэг, шударга бус тогтолцоог зоригтой өөрчлөхгүйгээр Монгол Улсад хуулийн засаглал, шударга нийгэм байгуулж чадахгүй юм.

Иймд дараах нэр бүхий шүүгчдэд хариуцлага тооцох шаардлагыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, гишүүд та бүхэнд хүргүүлж байна" гэжээ.

Тэд нэр бүхий 8 шүүгчид хариуцлага тооцохыг шаарджээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 26-ны өдөр зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм. 

Тэдгээрт:

  1. Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  2. Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  3. Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
  4. Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  5. Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
  6. Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
  7. Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  8. Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  9. Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  10. Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
  11. П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
  12. С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
  13. Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  14. Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
  15. С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  16. Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
  17. П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар байна.

Нэр бүхий 5 гишүүний шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.