Стандарт банкны 40 сая ам.долларын өрийг Эрдэнэт үйлдвэрийн Нөөцийн сангаас төлсөн талаар өмнө нь бид мэдээлсэн. /Энд дарж дэлгэрэнгүйг уншина уу./

Тодруулбал, "Жаст" группийн ерөнхий захирал Ш.Батхүү 2009-2010 онд Стандарт банкнаас удаа дараа зээл авч, түүнийгээ төлж чадахгүй өдийг хүрчээ. Стандарт банктай байгуулсан түүний гэрээнд батлан даагч нь Эрдэнэт үйлдвэр болсон аж. Тиймээс Стандарт банк Лондонгийн Олон улсын арбитрын шүүх, Дээд шүүхэд энэ асуудлаар хандасны дагуу Эрдэнэт үйлдвэрээс 476.8 мянган фунт стерлингтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнг шилжүүлэхийг шаардсан шийдвэр гаргажээ. Энэ мөнгө болох 40 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэрийн Нөөцийн сангаас төлж барагдуулсан байна.

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулахад "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зүгээс энэ асуудалд Эрдэнэт үйлдвэртэй хамтарч ажиллана. Тэр үл хөдлөх хөрөнгүүд ямар зарчмаар, хэн рүү шилжсэн бэ гэдэг нь туйлын ээдрээтэй асуудал болж байна. Зарим хууль хяналтын байгууллагын удирдлагад ажиллаж байсан хүмүүс хүртэл тэр хөрөнгийг шилжүүлэхэд оролцсон гэсэн мэдээлэл ирсэн. Үүнийг шинэ прокурор, хууль хяналтын байгууллагын шинэ удирдлагууд анхаарах ёстой. 

Богино хугацаанд буюу хаврын чуулган дуусахаас өмнө энэ асуудлыг нэг талд нь гаргаж, шийдэх нь зүйтэй. "Стандарт банкны" гэж дуулиан үүсгээд буй энэ хэрэг энд хүрээд мухарлагдах байх. Тэр нь юу вэ гэхээр Эрдэнэт үйлдвэрийн төлсөн 40 сая долларыг Жастын Ш.Батхүү гэдэг хүнээс буцааж авсан цагт эцэс болно" хэмээлээ.