УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ зарим асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Би өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тус зөвлөлийн 2018 оны 3323 дугаартай зөвлөмжийг ил болгох саналыг хүргүүлж байна. 

Дээрх зөвлөмжийг үндэслэн Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газар 2018 оны 7 дугаар сарын 09-ны өдөр тогтоол гаргасан. 

Улмаар Таван толгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр зам, дэд бүтэцтэй холбоотой ажлуудыг явуулах зөвлөмж гарсан. Одоогоос хоёр жилийн өмнө гэсэн үг.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хамгийн ойр ажилладаг хүн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. Уг зөвлөмжийг үнэхээр буруу гэж бодсон юм бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд З.Энхболд дарга засахгүй яасан юм бэ.  

Шулуухан хэлэхэд Зүүнбаянгийн төмөр замын ажилд Ерөнхийлөгчийн институт манлайлж ажиллаж буй. Ардчилсан нам мэддэг юмаа мэдээгүй мэтээр ийм увайгүй үйлдэл олон гаргаж буй учир Засгийн газар болгоомжтой хандаж ирсэн. Өнөөдөр энэ нь нотлогдож байна.

Монголчууд бид төрийн албанд ажиллаж байсан дарга нарынхаа учрыг олохгүй бол болохгүй боллоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа нэг асуудлыг огт өөрөөр ярьдаг. АН-ын даргын ахлах зөвлөх болонгуутаа өөрөө төрийн нууцтай холбоотой асуудлуудыг гаргаж тавиад, мэдэхгүй юм шиг улс төр хийж байна. 

УИХ-ын дарга байхдаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг мэдэхгүй гэсэн нь худлаа. УИХ-ын дарга хүн УИХ-аар ороогүй тийм том хэмжээний асуудлыг мэдээгүй байх боломжгүй. Одоо өөрөө үүнийг мэдэхгүй, Ч.Сайханбилэг хийсэн гэж ярьж байна. 

Тэгэхээр төрийн алба цаашид ийм байдлаар явж болохгүй. Хариуцлагатай хандах хэрэгтэй. 

Шинэ коронавирустэй холбоотойгоор улс оронд амаргүй нөхцөл үүсчихээд байна. Дэлхийн 80 орчим улсад халдвар бүртгэгдсэн. Үнэндээ бидэнд улс төр хийгээд байх цаг алга. Үүнийг сөрөг хүчин маань ойлгож, харах ёстой. Яривал ярих зүйл олон байна. 

АН үнэхээр стратегийн орд газруудыг хууль бусаар олгохтой холбоотой оролдлогууд дээр эцэслэн цэг тавъя гэж бодож байгаа бол зугтаад гараад явсан Ц.Элбэгдоржоо олж ир. Танай намаас сонгогдоод ажиллаж байсан Ч.Сайханбилэгээ олж ир. 

У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэгэн байдлаар хэзээ ч хууль бус зүйл хийхгүй. Үүнд иргэд итгэж болно. Бид Засгийн газрын хуралдаанд оруулахгүйгээр Дубайн гэрээг ганцаараа үзэглэх эрсдэл хийхгүй. Тавантолгойн орд газрыг урд хөршүүдэд зарах нууц тохироо хийхгүй. УИХ-д оруулахгүйгээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр авч, хувийн компанид өгөхгүй.

Өнөөдөр макро эдийн засгийн үзүүлэлт, төрийн бодлого сайжирч байгаа. АН-ын арчаагүй дөрвөн жилийн алдаа, завхралыг цэгцлэх гэж үйлээ үзэн ажиллаж байна. 

Хэрвээ АН мэтгэлцэх гэж буй бол мөрийн хөтөлбөр, шийдэл, өнөөгийн нөхцөл байдлаас яаж гарах вэ гэдэ дээр улс төр хийгээч ээ. Айлаар ном тарааж байна гэсэн. Улс орон даяар хөл хорио тогтоочихоод байхад тэр нь вирус тээгч байвал яах вэ. Тэгэхээр сөрөг хүчний нөхдүүд дээрээ суудлаа олмоор байна. Бас үүсээд буй нөхцөл байдлыг хүндэтгэж хараасай. 

Дээрх зөвлөмжийг ирэх долоо хоногт нууцаас гаргачихвал бүх зүйл тодорхой болно" хэмээлээ.