УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өчигдөр мэдээлэл хийж, Польшийн цагдаагийн газраас гэмт хэрэгт холбогдуулж эрэн сурвалжилж буй гэх Монгол Улсын 69 дипломатч, улс төрчийн нэрийг зарласан.

Тэрээр мэдээллийнхээ үеэр "Эдгээр 69 хүний 6 нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Үлдсэн хүмүүс дунд Гадаад харилцааны яамны харъяа байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн бусад байгууллагуудад ажиллаж буй хүмүүс байна" хэмээсэн. /Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү/

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Т.Аюурсайханы мэдээллийг хэвлэлээр цухас харсан. Тус байнгын хорооноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан ёсны бичиг ирээгүй байна. Байнгын хороо болон Гадаад харилцааны яамнаас албан ёсны мэдээлэл авсны дараагаар мэдээлэл хийнэ. Түүнээс биш зөвхөн өчигдрийн мэдээлэлд үндэслээд тийм, тийм хүмүүс байгаа, ийм үйл явц хийнэ гэж шууд хэлэх мэдээллийн боломж надад алга. Яг хэнийг хэлээд байгааг нь мэдэхгүй байна. Албан ёсны бичиг ирсний дараа шаардлагатай мэдээллийг нь би өгнө.

Ер нь бол ГХЯ, нэр бүхий дипломатууд, Консулын ажилчид, нэлээд олон оронд Элчин сайдгүй байгаатай холбоотой ярих бүлэг сэдэв үүсч байгаа. Өнөөдөр ээлжит чуулган эхэлж буй учир дээрх асуудалд анхаарал хандуулах ёстой. 

Хуучин улстөрчдөд найр тавьж Элчин сайдаа өгдөгөөс, эсвэл зарим байгууллагатай хамтарч Консулыг томилдгоос болж ийм асуудал үүсч байгаа. Би яг энэ алдаа гаргаж буй хүмүүсийг дипломат ажилтнууд гэж бодохгүй байна. Тийм ч мэдээлэл алга. Гадаад харилцааны нэр дээр байгаа дипломат бус ажилтнуудаас болж ийм асуудал үүсч байгаа. Тэгэхээр үүнийг хуулийн хүрээнд нягталж, шалгах, цэгцлэх шаардлагатай. Мэргэжлийн дипломатуудаа томилдог байх хэрэгтэй" хэмээн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.