Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ ДЭМБ-ын батламжилсан коронавирусийн эсрэг "Astrazeneca" вакциний эхний тунг өнөөдөр хийлгэлээ. 

Энэ үеээр Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ "Шинэ Засгийн газар бүрэлдэж ажил эхлээд 25 хонож байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон шуурхай, шийдэмгий системтэй шинэ бодлогыг дэвшүүлэн амжилттай хичээж ажиллаа. 

Бүх нийтийн бэлэн байдал өнөөдрөөс цуцлагдаж байна. 

Монгол Улс улаан бүсээс шар бүсэд шилжиж, ард иргэд, аж ахуй нэгжүүдийн 95 хувь нь хэвийн горимд шилжлээ. Тулж ирсэн сорилтын өмнө үндэстнээрээ нэгдэн зогсож чаддаг гэдгийн тод жишээг та бид хамтдаа бүтээж чадлаа. 

Хөл хорионы үед төр засгийнхаа шийдвэрийг хүлцэн тэвчиж, хүндлэн ойлгосон, нийт ард иргэддээ, Нийслэл Улаанбаатарчууддаа талархлаа. Мөн өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсэн төрийн байгууллагын бүх албан тушаалтнууд, албан хаагч нартаа баярлалаа.

Өнгөрсөн өдрүүдийн хөл хорио бидэнд дараах гурван үр дүнг өгсөн гэж Засгийн газрын тэргүүний хувьд дүгнэж байна. 

1. Бид өвчний тархалтыг хумиж чадлаа. "Нэг өрх-Нэг шинжилгээ" цогц арга хэмжээний хүрээнд нэг өрхийг төлөөлж 411 мянган иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөж байсан боловч 523 мянган иргэнийг шинжилгээнд хамрууллаа. Энэ ажлын хүрээнд халдварын 122 тохиолдол, 33 голомтыг илрүүлж чадлаа. Нэг өрх-Нэг шинжилгээ биднийг хаана байгаа гэдгийг, маргааш хаашаа явах стратеги боловсруулах боломжийг олгосон суурь судалгаа боллоо. 

2. Вакцинжуулалтыг эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Вакцинжуулалт энэ сараас эхлэж байна. Монгол Улс цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлж чадсан Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа. Вакцинжуулалтын ажил ийнхүү шуурхай шийдэгдэхэд өмнөх Засгийн газрын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн захидал чухал үүрэгтэй байсан. Мөн вакцины ажлын ахлагчаар ажилласан сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүсинйн хичээл зүтгэл өндөр байсан. БНЭУ-ын Засгийн газарт нийт ард иргэдийнхээ өмнөөс гүн талархаж буйгаа илэрхийлье. 

Цаашид хандивын болон худалдааны чиглэлээр вакцин нийлүүлэх гэж буй ОХУ, Солонгос улс, Европын холбоо, БНХАУ, Япон улсын засгийн газарт талархаж буйгаа илэрхийлье. 

Монгол Улсын Засгийн газар богино хугацаанд нийт хүн амынхаа 60 хувийг буюу 18-аас дээш насны иргэдээ үе шаттай вакцинжуулна. Вакцинжуулалтын ажил сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. Гэхдээ аюулт цар тахлаас эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалж чадах хүн төрөлхтний олж чадсан цорын ганц зам бол вакцинжуулалт гэдгийг онцлон тэмдэглье. 

3. Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх төлөвлөгөө хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдлээ. 

Вакцинжуулалттай зэрэгцэн эдийн засгаа сэргээх, цогц төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлнэ. Энэ хөтөлбөр эдийн засаг -6 хувь хүрсэн байдлыг өөрчилж, алдагдсан 70 орчим мянган ажлын байрыг сэргээж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. 

Өнөөдрөөс эхлэн та бид шинэ, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягт шилжин орж байна. Одоо иргэд, аж ахуй нэгжүүдийн хариуцлага, хамтын ажиллагаа, хүчин чармайлт бүхнийг шийдэх учиртай. Зөвхөн өөрийгөө биш Монгол Улсын эрүүл мэнд, эдийн засгийн төлөө та халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөөрэй. 

Ажилчдаа вакцинжуулах тал дээр хувийн хэвшлийн байгууллагууд Засгийн газартай хамтарч ажиллаарай. Ингэж чадвал хаагдаад буй ажил, сургууль, томоохон хөрөнгө оруулалт, хил хязгаар, аз жаргалаа бид эргүүлэн олж авч чадна. 

Монгол Улсын Засгийн газар хүнд, давс мэт шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргах болно. Ирээдүйн томоохон шийдвэрүүд дээр Засгийн газартаа эргэлзэлгүй итгэж, хамт байхыг уриалж байна" гэв.