УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

Цар тахлын үед барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааг зохицуулах агуулга бүхий тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. 

Цар тахлын үед гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлан иргэд, аж ахуйн нэгж, жижиг дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагааны тэг зогсолт хийн, орлого нь бүрэн тасалдаж, эдийн засгийн маш хүнд нөхцөл байдалд орсон. 

Хэдийгээр зээлийн үйл ажиллагаатай холбоотойгоор Банк, ББСБ, Хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан орлого нь тасарсан иргэн, хуулийн этгээдийн зээлийг хойшлуулахтай холбоотой зарим арга хэмжээг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос авч байхад, Барьцаалан зээлдүүлэх газар /Ломбард/-аас зээл авсан иргэдийн эдийн засгийн хүндрэлтэй холбоотой асуудалд төрийн аль шатны ямар байгууллага анхаарал хандуулж, зохицуулалт хийж, тусламж дэмжлэг үзүүлэх нь тодорхойгүй байсаар ирсэн.

Зээлийн хүү өндөр байх нь иргэдэд болон санхүү эрхлэгч нарт хүндээр тусч байна. Тиймээс барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг сарын гурван хувиас, алдангийг өдрийн 0.2 хувиас тус тус хэтрүүлэхгүй тооцохоор тусгасан байна.

 Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ”Мөнгө хүүлэлт гэсэн тусгай заалт дээр Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт шалгалт, хэрэгжүүлэлтийг хийгээд явна” хэмээлээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “ББСБ, ломбардтай холбоотой эрх зүйн зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байна” гэв.