Нийслэлийн хэмжээнд 532, Монгол улсад 1100  аж ахуйн нэгж, байгууллага барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос ломбардуудыг хянах эрх, үүрэг байдаггүй ажээ. Тиймээс ломбардны эзэд хүүг дураараа нэмэгдүүлэх, татвараа шударгаар төлөхгүй байх, иргэдэд 7 хоногийн хугацаатай зээл өгч мөнгө хүүлэх, иргэдийн барьцааг зарж борлуулсан бол зөрүү мөнгийг буцаан олгохгүй байх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах болсон талаарх гомдол Хүний эрхийн үндэсний комисст ч очсон байдаг ажээ. 

Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг ямар нэгэн тусгай зөвшөөрөл авах шаардлагагүйгээр зөвхөн улсын бүртгэлд үйл ажиллагааны чиглэлийг нэмж бүртгүүлснээр аж ахуйн нэгж, байгууллага эрхлэх боломжтой байдаг. 

Хууль зүйн яам, Хороо, Сангийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зэрэг байгууллагууд хамтран 2017 онд “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд заавал дагаж мөрдөх стандарт”-ыг боловсруулж, Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний зөвлөлөөр батлуулсан. 

Уг стандартад ломбардуудад орон нутгийн эрх бүхий байгууллага эрх олгож, хяналт тавина гэж заасан. Тэгэхээр ломбардын үйл ажиллагаанаас болж хохирсон гэх иргэд орон нутгийнхаа эрх бүхий байгууллагад гомдол гаргах боломжтой юм. Үүнийг ард иргэд мэддэггүйгээс хаана хандаж гомдлоо гаргахаа мэддэггүй байна.