Монгол Улс мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагуудаас удаа дараа даалгавар, анхааруулга аваад байгаа билээ.

Энэ хүрээнд мөнгө угаах, терроризмын эсрэг хийх тэмцлийг барьцаалан зээлдүүлэх төв, банк бус санхүүгийн байгууллагуудын мөнгөний эх үүсвэрийг тодорхойлох, бүртгэлжүүлэхээс эхлэх ёстойг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ.

Тэрбээр өдрийн зээлийг хориглож, бүх ломбардыг бүртгэлжүүлснээр  үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаагаа ирэх дөрвөн жилд төлөвлөсөн хууль, эрх зүйн шинэтгэлийн ажлуудыг танилцуулах үеэр онцолсон юм. Ингэснээр мөнгөний эх үүсвэрийг нь тодорхой болгох юм. Олон улсын жишгээр бүх мөнгө, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг газар нь заавал бүртгэлтэй байхыг шаарддаг аж.

Санхүүгийн зохицуулах хорооноос ломбардуудыг хянах эрх, үүрэг байдаггүй ажээ. Тиймээс ломбардны эзэд хүүг дураараа нэмэгдүүлэх, татвараа шударгаар төлөхгүй байх, иргэдэд 7 хоногийн хугацаатай зээл өгч мөнгө хүүлэх, иргэдийн барьцааг зарж борлуулсан бол зөрүү мөнгийг буцаан олгохгүй байх зэрэг хууль бус үйл ажиллагаа явуулах болсон талаарх гомдол Хүний эрхийн үндэсний комисст ч цөөнгүй ирдэг байна.