Эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа. Тэрбээр дэлхийн нүүрсний зах зээл, цаашдын чиг хандлага, болон 1072 хувьцааг арилжаалах эсэх дээр өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. 


-Ерөнхийлөгч ЭТТ компанийн хувьцаанаас ноогдол ашиг хүртээнэ гэж ярьсан. Үүнийг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Би энэ талаар сонсоод маш их харамссан. Бид нарт хэдий болтол манкурт боол шиг хандах юм бэ. Тэр мэдээг иргэний хувиар сонсоход надад юм өгөх гэж байгаа юм шиг ойлгогдоно. Гэвч эдийн засгийн тооцоонд үүнийг нь буулгаад бодоод үзэхээр үнэхээр бүтэшгүй зүйл яриад байгаа юм.  Жишээ нь жилд 3000 биш 300 мянган төгрөгийн ноогдол ашиг ол гэжээ. Ингэхийн тулд 60 сая тонн нүүрс олборлож Хятад руу борлуулах шаардлага гарна. 

Гэтэл Хятадын өөрийнх нь коксжих нүүрсийг авч байгаа хэмжээ жил ирэх тусам буурч байна. Өнгөрсөн жил гэхэд 65 сая тонн нүүрс авсан. Ганцхан ЭТТ компани л түүхий нүүрсээр хангах гэж үү. Бусад монгол компаниуд нүүрсээ хаашаа зарна гэж. Үүнээс гадна гадаад зах зээл дээр Индонез, Австрали, ОХУ зэрэг нийлүүлэгчид бийг тооцохгүй байна. Шуудхан хэлэхэд үүнийг бизнесийн орчинд нь буулгаад харахаар ой тойнд багтахгүй дүр зураг харагдана. Уг нь Ерөнхийлөгч маань Хятадуудад нүүрсээ зарахгүй гэж сонгуулийн шоу хийж гарч ирээд нүүрсний экспорт дээрээ хориг тавиулсан даа.  Үүнээс болж Гашуун сухайтад 160 км-ын цуваа үүсч хэдэн ч сайхан залуу амь насаа алдсаныг хүмүүс мартаагүй. Энэ хүмүүсийн амь насыг ярихгүй байж, яагаад хариуцлагагүй улс төрчдийг сохроор дэмжиж алга ташаад дэмжээд байдаг юм бол. Одоо харин уур амьсгал харьцангуй сайжирч байна. Ерөнхий сайд Ү.Хүрэлсүхийн Хятадад хийсэн айлчлал амжилттай болсны үр дүн гарсан. Өдөртөө 1000 орчим машин Гашуун сухайтын боомтоор гарч байна. Энэ тоо нэмэгдэх тусам монголчуудын боловсролдоо, нийгмийн хамгаалал, эрүүл мэндэдээ зарцуулах мөнгө нэмэгдэнэ. Ү.Хүрэлсүх Ерөнхий сайдыг зоригтой гарч ирсэн шигэээ тууштай ажиллаасай гэж бодож байгаа. 


-Энэ асуудлын ард хөрөнгийн зах зээлээ сэргээх гэх мэт олон зүйл бий. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Ерөөсөө богино хугацаанд популист амлалт тавиад байна. Магадгүй бид нэг удаа ноогдол ашиг авч болно. Гэтэл энэ компани Чалкогийн өрнөөс өндийхийн тулд бүтэн 8 жил үйлээ үзсэн шүү дээ. Үүний эцэст л 3000 төгрөгийн ноогдол ашиг хуваарлах талаар ярьж байна. Дахиад өрөнд оруулаад 8 жил хүлээх ёстой гэж үү. Үүний оронд хуримтуулсан ашгийнхаа тодорхой хувийг компанийн цаашдын өсөлтөнд зарцуулаад зохистой хэмжээгээр ноогдол ашгийг хуваарилаад явах нь зүйтэй. 



-ЭТТ компанийг цаашид ямар хувилбараар авч явах ёстой гэж боддог вэ?

-Уул уурхайн хамгийн бүдүүлэг хэлбэрээр энэ ордыг ашиглаж байна. Учир нь зөвхөн ухаад уурхайн амныхаа нөхцлөөр борлуулж ирсэн. Цаашаа тээвэрлэлт, баяжуулалт, гурав дахь зах зээл дээр өрсөлдөх гарц бодлогууд харагдахгүй байна. Түүхий нүүрсээ хямдаар зардаг энэ байдалтайгаар үргэлжилбэл 8 жилийн настай уурхай болчихно. Энэ бол тооцоо судалгаанд үндэслэсэн тоо. 2011-2016 онд энэ компани нэг тонн нүүрсийг 30 ам доллараар зарсан байдаг. 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөг зарцуулжээ. Орлогоосоо давж байгаа тэр илүүдэл 36 төгрөгийг Чингис бонд гэх мэт өр зээлээр санхүүжүүлсэн байдаг. 

Ерөөсөө гуравдагч зах зээл дээр өрсөлдөх тактиктай байх ёстой компани уурхайн ам хүртлээ өрсөлдөгч нартаа шахуулчихсан байдалтай байна. 

Хэрэв ЭТТ хувьцаа арилжилжаалагдаад эхэлбэл төмөр замтай болох, баяжуулах үйлдвэр барих, цаашлаад Гашуун сухайтыг олон улсын боомт болгох гээд олон ажил бий. Ингэж чадвал Өвөмонголын Эзний хошуунаас хамаарахгүйгээс цаашаа шууд Тянжин боомт ороод Япон, Солонгос руу 300 ам доллар хүргэж зарах цонхоо нээмээр байна. Энэ тохиолдолд өнөөдрийн сая төгрөгийн үнэтэй хувьцаа 10 сая үнэтэй болно. 


-1072 хувьцаа арилжаалагдвал хэр үнэд орох вэ?

-Хувьцаа арилжаалагдаад эхэлбэл үнэ нь унаж магадгүй. Үүнийг анхнаасаа иргэдэд анхааруулж хэлэх нь зөв. Гэхдээ өсгөх боломж нь Ерөнхий сайд Ү.Хүрэлсүхийн Засгийн газарт бий. Хувьцааны тоог нэмэгдүүлж, ноогдол ашиг ахиухан хуваарилна гэдэг муйхарлалаасаа илүүтэй энэ компанийг бодлогоор яаж дэмжих юм бэ гэдэгт ерөнхийлөгч маань түлхүү анхаараасай. 

Тэгвэл жилийн дотор 1 сая төгрөгийн үнэтэй хувьцаа 10 сая болох боломж бий. Ойлголцолд хүрээсэй гэсэндээ хөдөлгөөн санаачилгыг өрнүүлээд явж байна. 1072 хувьцаагаа арилжаалах групп нээхэд 5 хоногийн дотор 100 гаруй мянган гишүүнтэй болчихлоо, нийгэм том хүлээлт байгааг харуулж байна. 


-Та нүүрсний үнийн цонх үе таарч байна, одоо л арилжаалах цаг гэж байсан…?

-2011 оноос хойш өнөөдрийг хүртэлх 8 жилийн хугацаанд коксжих нүүрсний үнэ 300 доллараас давсан үе 3 удаа тохиосон. Энэ огцом үнийн өсөлтүүд байгалийн гамшигийн үед гарсан байдаг. Өөр тохиолдолд үнэ өсч байгаагүй. Одооны үнийн өсөлт бол 2017 оны 4 дүгээр сард болсон үерээс үүдэлтэй. Энэ нийлүүлэлтийн дутагдалаа нөхөх гэж буй үйл явцын илрэл. Ирэх онд коксжих нүүрс эрэлтээсээ нийлүүлэлт нь давна гэсэн тооцоо бий. Иймээс хувьцаагаа хөрөнгийн бирж дээр өндөр үнэ хүрэхүйцээр гаргая л гэж байгаа бол энэ оныг амжиж ашиглах ёстой. 

Ийм таатай үе биднийг удаан хүлээхгүй. Бид өмнө нь хувьцаа гаргах нь битгий хэл компаниа яаж тэсч авч үлдэх вэ гэсэн хүнд үеийг туулсан шүү дээ. Иймээс л цонх үе гэж нэрлээд байгаа юм. Улс төрийн нөхцөл байдлыг зохицуулж болно, харин зохицуулж хянаж чадахгүй зүйл бол зах зээл.  Бид хэзээ ч Хятадын зах зээл дээр нэг тонн нүүрсний үнийг 400 доллар болго гэж хэлж чадахгүй. 



-Нүүрсийг  Владивостокоор дамжуулан олон улсын зах зээлд гаргах гарцыг эрэлхийлж байгаа шүү дээ?

-Манай гол зах зээл бол БНХАУ. Энэ  зах зээл Индонези, Авсрали, Канад, Америк гээд  хүчтэй өрсөлдөгч нартай. Сүүлийн үед ОХУ маш хүчтэй өрсөлдөгч улс боллоо. Зүүн Сибирээр төмөр зам тавьчихсан, жилийн 18 сая тонн нүүрс угааж боловсруулах чадалтай үйлдвэр ашиглалтанд оруулчихлаа. Энэ жил коксжих нүүрсийг маш их хэмжээгээр нийлүүлж манай зах зээлээс хуваалцсан. Манайхан Гашуун сухайт гэж ганц л боомттой. Хэрэв хойшоогоо Владивостокоор нүүрс гаргана гэдэг бол Оросуудтай өрсөлдөнө гэсэн үг.  Мэдээж хөрш гээд өрсөлдөгчдөө найр тавина гэж байхгүй нь дэндүү тодорхой. Владивостокоор нүүрс гаргана гэдэг бол тархи угаалт гэдгийг анхаарч харах ёстой. Энэ бол Таван толгойн ордыг яаж өрсөлдөх чадамжгүй болгох вэ гэсэн санаа сэдэл, атгаг бодлын нэг. 


-Эрдэнэс таван толгой компанийг та шүүхэд өгсөн. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулахгүй байна, хэзээ ноогдол ашиг өгөх вэ гэж ЭТТ компанийг шүүхэд өгсөн. Гол асуудал нь дүрмэнд нь байсан юм билээ. Дүрэм дээрээ ЭТТ ХХК гэж бичсэн хэрнээ нэрээ бичихдээ ЭТТ ХК гэсэнд асуудал байсан. ЧДШ-ээс энэ оны 3 дугаар сард шийдвэр гарч ЭТТ ХК-ийг хууль зөрчсөн үйлдлээ зогсоо, алдаагаа зас гэсэн шийдвэр гаргасан. Үүний дагуу 2,5 сая иргэний хувьцааг зайлшгүй ЭТТ компанийн тайлан балансад бүртгэгдэж суусан. 4 дүгээр сарын 27-нд ЭТТ хувьцаа эзэмшигчдийн хурал болж хаалттай ХК хэлбэрээр дүрмээ баталсан. Хамгийн том зүйл нь 2,5 сая иргэний хувьцааг нэгж тус бүрийг нь 933 төгрөгөөр үнэлж 2,2 их наяд төгрөгийн үнэлгээгээр тайландаа суулгалаа. Энд бас дурьдахгүй өнгөрч болохгүй зүйл бий. ЭТТ компани бол нээлттэй болохын төлөө зорьж ажиллаж байгаа. Энэ хүсэл эрмэлзлээ ч хувьцаа эзэмшигчдийн хурал дээр илэрхийлсэн. Хууль эрх зүйн зарим асуудлыг шийдээд нээлттэй болохоор шийдэж байгаа юм билээ .Үүнийг бид баяртай хүлээж авсан.  Зөрчилтэй зүйл нь шууд гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах уу дотоодын бирж дээр гаргах эсэх  юм. Бидний зүгээс дотоодын бирж дээр гаргах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. 


- Яагаад?

-Гадаадын хөрөнгийн бирж дээр гарахад хэд хэдэн сорилт тулгарна. Тэд улс төрчид удирддаг засаглалтай компанийг хүлээж авахгүй.Үүнээс гадна тухайн компани дорж хаяж 5 жил дотоодын бирж дээрээ үйл ажиллагаа явуулсан байх шаардлага тавьдаг. Тэгэхээр энэ шаардлагыг давахын тулд зайлшгүй дотоодын бирждээ гаргахаас аргагүй. 

Дотоодын бирж дээр гаргах зорилго нь IPO босгох биш. Шууд  хоёрдогч зах зээл дээр гараад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх юм.


-Хөрөнгийн зах зээл хөгжвөл банкуудын хүү буурах уу?

-Мэдээж санхүүгийн зах зээл дээр 2,2 их наяд төгрөгийн үнэлгээтэй тоглогч орж ирсэнээр шинэ том тоглолт орж ирнэ. 

Энэ нь эргээд банкны салбартай өрсөлдөх учраас хүмүүс банкны салбарт мөнгөө хадгалуулахаас илүүтэй, ЭТТ-н хувьцаагаа худалдаад авчихъя гэсэн сэдэл төрүүлнэ. Иймээс банкны салбарынхан бодит өрсөлдөөн дунд зээлийн хүүгээ бууруулна. Энэ бол макро эдийн засагт үзүүлэх том нөлөө. Нөгөө талаас хувьцаа арилжаалагдаад эхэлтвэл хувьцааны үнэ унаж өмнө. Үнэ унавал иргэд бухимдана. Бурууг ЭТТ-г өрсөлдөх чадваргүй явуулж байгаа төр засгаас хайна. Ингэвэл яагаад төмөр замаа, цахилгаан станцаа яагаад барихгүй байгааг, тээвэр ложистикийн асуудлаа өнөөдрийг болтол олон улсын боомт болгохгүй байгаа юм бэ гэдэг дээр олон нийт нэгдэнэ. Ингэж олон нийт нэг талдаа гарвал засагтайгаа хариуцлага тооцох механизм бий болно. Энэ бол хувьсгалын шинэ чанартай үйл явдал гэж би хардаг. Иргэдийн энэ өнцөгөөс нь олж хараасай гэж уриалмаар байна.


-Иргэдийг хувьцаа шууд зарчихна гэсэн эргэлзээ байх шиг ээ?

-Хүн ядуу ч бай, баян ч бай өөрийн өмчөө захиран зарцуулах эрхтэй. Өнөөдөр бид ардчилсан замналаар яваа улс. Гэтэл хар PR-аар хүмүүсийг тархийг угааж байгаа хүмүүс "Чи ядуу төрсөн учраас хувьцааг чинь заруулахгүй, ноогдол ашигаа л ав, нэг сая төгрөгийн орлогыг 30 жил 30 мянган төгрөг авах хэлбэрээр хүртээд яв" гэж байна. 


-Өөр арга байгаа юм уу?

-Яг хажууд нь сонгодог засаглалтай хувьцаат компанийн жишээ бий. 51 хувь нь орон нутгийн өмчит жижиг гэгддэг Таван толгой хувьцаат компанийг хар л даа. 49 хувь нь Монголыг оролцуулахгүйгээр 23 орны 1900 орчим хувьцаа эзэмшигчид энэ компанийг эзэмшиж байна. Гэтэл энэ компани өөрөө ЭТТ компаниас 2 дахин бага олборлолт явуулдаг хэрнээ 2 дахин өндөр ашигтай ажилладаг. 

Жижиг гэгддэг Таван толгой хувьцаат компанийн хувьцааных нь үнэ 2009 онд 560 төгрөг байсан бол өнөөдөр 10 мянган төгрөгийн үнэтэй болчихлоо. 15,8  дахин өсчихсөн хэрэг. Ийм хэмжээгээр хувьцааныхаа үнэлгээг өсгөх боломжийг бид ЭТТ компанийг хаалттай байлгаснаар л алдсан.

Хувьцаа өглөө шүү гээд хэлчихсэн хэрнээ, хаалттай, саналын ямар ч эрхгүй өдийг хүрлээ. Цаашдаа ЭТТ компани хөрөнгө оруулалт хийе гэвэл компанийн засаглалаа тунгалаг болгох хэрэгтэй. 


-Бас нэг болгоомжлол байдаг. ЭТТ-н хувьцааг бирж дээр хувьцаа гаргачихвал хятадууд авчихна гэж ярих хүн цөөнгүй бий…?

-Үүн дээр судалгаатай хандах ёстой. ЭТТ-н хажууд байгаа жижиг Таван толгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүтцийг харлаа. 23 орны нэг нь Хятад улсынх. Тэгэхээр энэ хувьцааг бирж дээр хувьцаа гаргачихвал хятадууд авчихна гэсэн яриаг бодит эсэх дээр эргэлзэж байна. 

1072 хувьцааг хөрөнгийн бирж дээр гарчихвал үнэ нь уначихна, хэдэн олигархууд, хятадууд авчихна, Л.Наранбаатар Хятадын гар хөл болж байна гэсэн мэссэж нисгэж байгаа хүмүүсийг би гайхдаг. Энэ хүмүүсийн цаана том улс төрчид бий. Тэр хүмүүс бол 1990 онд цэнхэр, ягаан тасалбараар хөрөнгөжигсөд юм. Тэр үед Монголчууд ганцхан радио, телевиз, сонинтой байсан. Ард түмэнд хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаар ямар ч мэдлэг байсангүй. Гэтэл ягаан, цэнхэр тасалбарыг авсан хүмүүс өөрсдөө гадагшаа дотогшоо яваад ирчихсэн, мэдээллийн давуу байдлаараа мөлжиж хөлжсөн хүмүүс. Ийм хүмүүс төрийн өндөр дээд сэнтийд заларчихаад нисгэж байгаа мэссэж нь энэ компанийг хаалттай байлгах ёстой, хувьцаа эзэмшигчид нь саналын эрхгүй байлгах. Жилийн 3000 төгрөгийн ноогдол ашиг ав, сая төгрөгийн ноогдол ашиг авахын тулд хүлээ гэж ярьж байна. Энэ шударга ёс мөн үү. Яагаад заавал ийм хогийн зүйлээр улс төр хийж ард түмнээ хохироогоод сууж байх ёстой гэж. Боломжийг хаагаад зогсч байгаа энэ хүмүүсийн ард ямар ашиг сонирхол байгааг би ойлгохгүй байна.


-Та ерөнхийлөгчийн эсрэг байр суурьтай байгаа. Үүнийгээ ч нийгмийн сүлжээнд чөлөөтэй илэрхийлсэн. Магадгүй дарамт ирэх вий санаа зовнил бий юу?

-Айдсаар хөтлөх замаар бид нарыг ховсдоод байна. Хүмүүс мэдээлэлгүй байхдаа ингэж ховсдуулдаг. Яг энэ үед хөрөнгийн зах зээлийн талаар, ЭТТ компанийн санхүү, үйл ажиллагааны талаар, нүүрсний зах зээлийн өрсөлдөөн, бодит орчин, гадаад болон дотоодод ямар нөхцөлтэй байдаг гэдэг бодит мэдээллийг хүргэх чухал байна. Ингэж бодит мэдээллийг хүргэж байж энэ айдсын хүлээсийг тайлна, ховсдолтоос гарах юм билээ. Би дүгнэлтэнд хүрсэн. Монголын ард түмэн бүгд бодит мэдээлэлтэй болсны дараа шийдвэрээ хүссэн ч эс хүссэн ч сонголтоо хийгээд явна.


-Манай хөрөнгийн зах зээлийн хөгжил аль түвшинд явна вэ?

-200 жилийн өмнө анх Нью Йоркийн хөрөнгийн бирж ажиллаж америкчууд хөрөнгийн зах зээлээ тэлж банк гэдэг хүлээснээс ангижирсан. Мэдээж үүнийг дагаад бий болсон асар их хөрөнгийн урсгал АНУ-ыг бүтээн байгуулалтад орсон байдаг. Тэд үүний ачаар гангийн үйлдвэрүүдээ босгож, төмөр замаа барьсан шүү дээ. Гэтэл бид хөрөнгийн зах зээлээс 200 жилийн хойно явж байна. Тэр түүхийг эхлүүлэх гэж ядан чадан явна. Тэгэхээр л бид хөгжлөөс ямар хойно яваа гэдгээ олж ухаарах цаг нь болсон. Бид нарыг нүүрсний асуудал, төмөр замаа шийдэж чадахгүй байхад гадаад ертөнц хөгжил асар хурдацтай явагдаж  байна. Хятад улс гэхэд далайгаас шатдаг мөс олчихлоо. Харахад мөс боловч шатахдаа асар их энерги гаргадаг юм билээ. Утаагүй эрчим хүчний гайхалтай шийдэл байгаа биз. Элон Маск гэхэд сансарт хүмүүсийн төсөөлснөөс хамаагүй хямд үнээр сансарт аялуулах төслийг амжилттай туршиж эхэллээ. Гэтэл бид яг л орхигдсон арал улс болох гээд байна.


-Таны харж байгаагаар нүүрсээ ашиглаад хөгжих боломж нь үнэхээр байна уу?

-Манай улсад Дубай шиг хөгжих боломж хангалттай байгаа. Ингэхийн тулд одоо байгаа уул уурхайн салбараа дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл эндээс бий болсон төсвийн орлогоороо Дубай шиг бүтээн байгуулалтадаа зарцуулж болно. Ингэхийн тулд л энэ цонх үеийг ашигламаар байна. Үнэндээ эрчим хүчний нүүрс одоо үнс болчихлоо. Ингэж ярихаар зарим ашиг сонирхолтонгууд Наранбаатар Таван толгойн нүүрсийг үнс болно гэж хэлсэн гэж мушгиж яриад байгаа юм. Манай эрчим хүчний нүүрсний нөөц 150 гаруй тэрбум тонн, үүнээс жилдээ 8 сая тонн нүүрс хэрэглэдэг. Сонсоход хангалттай их нөөцтэй юм шиг боловч энэ нүүрсийг худалдаж авах зах зээлгүй болчихвол, эдийн засгийн эргэлтэнд орж чадахгүй бол үнс шиг л үнэгүй болчихоод байгаа юм. Өрсөлдөхийн тулд илүү шинэ технологи, чадамжтай боловсон хүчин, томоохон төслүүдийг дэмжиж урагшуулалах төр засагтай байж цаашаа явна.