Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр тусгай үүргийн нислэгийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Тэрээр "Улсын онцгой комисс, Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу ирэх хоёрдугаар сард гадаадаас нутаг буцах хүсэлтэй иргэдээ татан авах 4 удаагийн тусгай нислэг үйлдэхээр урьдчилсан байдлаар баталлаа. 

Тодруулбал,

  1. Хоёрдугаар сарын 03-нд БНСУ-ын Сөүл хотоос 160 иргэн
  2. Хоёрдугаар сарын сарын 10-нд Япон улсын Токио хотоос 160 иргэн
  3. Хоёрдугаар сарын 24-нд Туркын Истанбулаас 260 иргэн
  4. Хоёрдугаар сарын 26-нд БНСУ-ын Сөүлээс 260 иргэнээ тус тус татан авна.

Эдгээр нислэгээр нийт 840 иргэн эх орондоо ирнэ. Өмнөх нислэгүүдэд бүртгүүлээд нислэг нь цуцлагдсан болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг түлхүү авна.

Дотоодын халдвар, тусгаарлах байрны нөөцтэй уялдуулаад нөхцөл байдал гайгүй байвал Сөүл, Токиогийн чиглэлд нэмэлт нэг, нэг нислэг үйлдэхээр төлөвлөсөн байгаа" хэмээн мэдээллээ.