УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

Дэлхий нийтээрээ коронавирус хэмээх цар тахалтай тулаад байна. Үүнтэй холбогдуулан дэлхийн олон улс орон хүндхэн нөхцөл байдалд орсон. Олон оронд хилийн хориг тавьсан. Үүнтэй холбоотойггоор манай улсын иргэд эх орондоо эргэн ирэх боломж нь хумигдсан. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл 21 мянган иргэн эх орондоо ирээд байна. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 80 шахам улсад 190 мянга гаруй монгол иргэн зорчиж байна. Эдгээр иргэдэд ЭСЯ-аараа дамжуулан мэдээ, сэрэмжлүүлэг хүргэж байгаа. Юуны өмнө иргэд олон нийтэд ОХУ гадаадаас иргэн хүлээж авахгүй, БНХАУ гадаадаас ирж байгаа иргэдэд өндөр хяналт тавьж , 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байгааг дуулгая. 

Гадаад улсад суугаа Монгол улсын иргэд эх орондоо буцах, визний хугацаа дууссан, чартер нислэг үйлдэх хүсэлт зэрэг гомдол, санал ихээр гаргах болсон. Гадаадад байгаа монголчууд, тэдний ар гэрийнхэнд тухайн бүс нутагтаа аюулгүй байдлаа хангаж аль болох тайван байхыг уриалая. Тиймээс энд байгаа ар гэрийнхэн нь тэднийхээ сэтгэл санааг үймүүлж, яаралтай эх оронд нь авч ирэх ёстой гэсэн сөрөг мэдээлэл түгээхгүй байхыг хүсье.

ГХЯ дээр олноороо ирээд Япон, Солонгос явмаар байна гэж эмх замбараагүй байдал үүсгэх гээд байна. Бид гадаадад зорчих иргэдийн бүртгэлийг хийхгүй. Хэрвээ нислэг хийх бол тухайн компани л энэ ажлыг хариуцна. Энгийн үед байдаг шиг тасалбараа бичүүлнэ.