Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Шинэ коронавирус дэлхийн хэмжээнд цар тахалд хүрсэн. Энэ үед олон орон онц байдал зарлах, хөдөлгөөн хязгаарлах шийдэмгий арга хэмжээ авч байна.

Шенгений бүс орнууд хоорондоо чөлөөтэй зорчдог боловч сүүлийн өдрүүдээс хоорондоо хилийн хязгаарлалт тогтоож эхэлсэн. Монгол Улсаас эхлэлтэй болон Монгол Улсад ирэх олон улсын нислэгүүдийг бүрэн зогсоосон. Үүнтэй холбоотойгоор визний хугацаа нь дуусаж буй иргэдийн асуудлаар бид Элчин сайдын яамдаар дамжуулан суугаа улсынх нь хилийн виз хариуцсан байгууллагуудтай ярилцсаны дүнд тодорхой үр дүнгүүд гарч байна. 

Иймд иргэд "визний хугацаа дууслаа" гэж сандрах хэрэггүй. Элчин сайдын яам уг асуудлаар ажиллаж байгаа" хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрээр "Зөвхөн Монголд биш, дэлхийн 150 оронд шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэн хүндрэлтэй энэ үед визний асуудлыг хүмүүнлэгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр шийдэж өгч буй учир иргэд маань байгаа байгаа газраа тайван байхыг хүсье. Цаашид нөхцөл байдал хэрхэхийг бид тодорхой хэлж чадахгүй учраас хувийн ариун цэвэр, аюулгүй байдлаа хангаад хөдөлгөөнөө хорих нь зүйтэй" хэмээн зөвлөв.