Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Нэгдүгээр сарын 28-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 14.371 иргэнээ авто болон агаарын замаар татан авсан. Иргэдийн дунд 67.000 иргэнийг татан аваагүй гэсэн нэг буруу ойлголт гараад байгаа. Үүнийг тайлбарлахад Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр агаарын болон авто замын хилийг шат дараатай хаасан. Өмнөд хөршөөс эхлэн 3 дугаар сарын 12-нд бүрэн хаасан. Гэхдээ нэгдүгээр сараас эхлэн хил нээлттэй үед  агаар болон авто замаар орж ирсэн бүх хүнд тандалт судалгаа хийсэн. Энэ хүмүүсийг хамруулсан тоо 67.000 юм. Харин тусгайгаар татан авсан нь 14.371 байна.

Иргэдийг татан авахтай холбоотой маш олон шүүмж ирдэг. Тоогоо нэмэгдүүлэхийг шаарддаг. Бид үүнийг ойлгож байна. Гэхдээ үүнд онцгой анхаарч байна. Анх тусгай нислэгээр сард 1.000 гаруй хүнийг татаж авч байсан бол 6 дугаар сард 2.400 хүнийг, 7 дугаар сард нийт 3.397 хүнийг татан авч байна. Үүнээс хэлэхэд Улсын онцгой комиссын зүгээс гадаадад байгаа иргэдээ аль болох шуурхай татаж авах ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. Хүчин чадалдаа тултал нь бид иргэдээ татан авч байна. 

Мөн эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн тоо 10.000-аас яагаад буухгүй байна вэ гэдэг асуудал яригдаж байна. Өнөөдөр авсан мэдээллээр гадаадын 55 улсаас 11.951 монгол иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан байна. 3 дугаар сараас нутаг буцах иргэдийн хүсэлтийг авч эхэлсэн. Тухайн үед 3.000 орчим иргэн нутаг буцъя гэж байсан бол сүүлийн хоёр сард 10.000 хүрсэн. Гэхдээ татаж авсан иргэдийн тоо 14.000 хүрсэн. Тэгэхээр нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн тоо 6, 7 дугаар сард илүү нэмэгдсэн. 

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ажлаа хүлээн авснаас хойш гадаадад байгаа нийт Элчин сайдын яамдад маш тодорхой хоёр чиглэл өгсөн. Нэг нь, 10 мянга гаруй иргэнээ татаж авах хүртэлх хугацаанд тэдэнд тулгамдсан асуудалд дэмжлэг үзүүлэх. Хоёрдугаарт, Элчин сайдын яамд өндөржүүлсэн бэлэн байдлыг чанд сахиж иргэн бүрийн хүсэлтэд хариу өгч, дуу хоолойг нь сонсож байх. Мөн өргөдөл гаргасан мэдээллийг хувь хүний тухай хуульд нийцүүлэн боломжтой түвшинд ил болгох үүрэг өгсөн. Наймдугаар сард үйлдэх тусгай нислэгийг өмнөх сараас бууруулахгүй байх, аль болох нэмэгдүүлэхэд анхаарч, судалж ажиллаж байна. Удахгүй Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ" хэмээлээ.

Хүсэлт гаргасан иргэдийг улсаар нь үзүүлбэл,

  • БНСУ-аас 3642
  • АНУ-аас 2249
  • Австралиас 1222
  • Казакстанаас 1014
  • Туркаас 780
  • Японоос 621
  • Их Британиас 351
  • Германаас 312
  • Зүүн өмнөд Азиас 238
  • Унгараас 181
  • Энэтхэгээс 160 иргэн эх орондоо буцах хүсэлт гаргасан байна.