БРЮССЕЛЬ. /Euronews/. Европын Хөлбөмбөгийн Холбооны Аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлийн тоглолтод “Liverpool” болон “Napoli” клуб өрсөлдөгчдөө буулган авснаар шөвгийн 16-д үлдлээ.


Цэнхрүүд хочит “Napoli” клуб Сан-Паоло цэнгэлдэх хүрээлэнд Бельгийн “Genk”-ийг 4:0-ээр буулгаж авчээ. Эхний хагаст Польш довтлогч Аркадиуш Милик хет-трик хийсэн бол хоёрдугаар хагасын 75 дахь минутад Бельги довтлогч Дрис Мертенс торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэсэн байна. Тус тоглолтод “Napoli” Аваргуудын лигийн хамгийн том ялалтаа байгуулсан бол “Genk”-ийн 17 настай хаалгач Мартен Вандевоордт Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн залуу хаалгач болжээ.


“E” хэсгийн өөр нэгэн тоглолтод “Liverpool” “Salzburg”-ийг талбай дээр нь 2: 0-ийн харьцаатай буулган авчээ. Тоглолтын 57 дахь минутад Гвинейн хагас хамгаалагч Наби Кейта, 58 дахь минутад Египет довтлогч Мохаммед Салах нар тус бүр нэг гоол оруулснаар багтаа хожил авчирчээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг