Шинэ коронавирус болон цаг үеийн бусад асуудлаар Нийслэлийн харъяа газар, агентлагуудын удирдлагууд шөнөөдөр мэдээлэл хийв.

Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн 10 гаруй хоногт Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй нийт 905 баар, 321 сүм, спорт клуб, амралт аялал жуулчлалын бусад газар зэрэг нийт 5631 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт, шалгалт хийлээ.

Энэ хугацаанд ихэнх аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн ухамсрын түвшинд зохион байгуулалт сайтай байж, мэдэгдлийн дагуу үйл ажиллагаагаа зогсоосон. 90 орчим хувь нь шаардлага, мэдэгдлийг биелүүлэн ажиллаж байхад зарим байгууллага хэрэгжүүлээгүй.

Иймд бид авах ёстой арга хэмжээг авч байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар таван ААН-д 7120000 төгрөгийн торгууль, шийтгэл оногдуулсан.

Баянгол дүүргийн GRD reality, Эрмүүн энх, Бат-Анар компани, Lucky mart, Баянзүрх дүүргийн "Том хаум" дэлгүүр зэрэг таван ААН-ийн согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлсэн.

Торгуулийн арга хэмжээ авсаар байхад дахин үйл ажиллагаа явуулж буй газруудын тусгай зөвшөөрлийг цуцалж байна. 

Нэг хаалга дээр нь лац тавихад нөгөө хаалгаараа үйлчилгээ явуулдаг, шөнийн цагаар захиалга авч хууль бусаар үйл ажиллагаа явуулсан баар ч байна. 

Мөн Улаанбаатар хотод ариутгалын ажил явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 2300 худалдааны газар, хоол үйлдвэрлэлийн 865, ахуйн үйлчилгээний 2095, эрсдэл бүхий үйлчилгээний цэг 3177 буюу нийт 8257 ААН-ийн 399,9 метр/квадрат талбайг бүрэн ариутгасан. 

Ариутгал хийх хугацаанд ариутгалын компаниудын химийн бодист шалгалт хийж байгаа. Улмаар химийн бодис ашиглах журмыг зөрчсөн "Өгөөш" ХХК-ийг гурван сая төгрөгөөр торгож, үйл ажиллагааг нь зогсоосон" хэмээлээ.