Эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагад хийсэн хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.

Шалгалтад эм ханган нийлүүлэх байгууллага 8, эмийн сан 90, эмийн үйлдвэр 1 хамрагдсан байна.

Шалгалтын дүнд эдгээр газрууд их эрсдэлтэй гэж гарчээ. Тухайлбал стандартад заасан өрөө тасалгаагүй, эм шинжлэгчийн ажлын байргүй Эл Би Эс ХХК-ийн Бүжи Фарм эмийн сангийн зэрэглэлийг бууруулахаар болсон байна. Мөн ариутгал халдваргүй байдлыг зөрчсөн, шаардлагатай тоног төхөөрөмж дутуу Аманас ХХК-ийн эм найруулах ажиллагааг хэсэгчлэн зогсоосон байна. 

Мөн Цогт дээж эмийн сангийн үйл ажиллагаа дээрх зөрчил гаргасан тул их эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Үүнээс гадна үйл ажиллагаа явуулдаггүй, ажлын байргүй 5 эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Журам ёсоор эмйн сангийн тусгай зөвшөөрлийг 3 жилээр олгодог. Гэвч ЭМЯ-аас "Монос", "Монгол эмимпекс" зэрэг газруудад хууль зөрчин 5 жилээр олгосон зөрчил илэрлээ.

Хадгалалтын дэглэм зөрчсөн, жор барих эрхгүй хүн эм барьсан, жороор олгох эмийг хүчингүй жороор олгосон, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй зэрэг зөрчилтэй 23 ААН-д хялбаршуулсан журмаар, нэг ААН-д зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун:

Байцаагч нарыг зөвхөн зөрчил арилга гэж явуулаагүй. Зөрчлийг нь илрүүлээд хариуцлага тооцох ёстой. Тийм учраас Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, бүртгэлгүй эм оруулж ирсэн Бурам Фармг, Жаргал-Эрдэнэ ХХК-ийн үйл ажиллагааг цуцла. Дүгнэлтийг нь нэг бүрчлэн гарга. Яагаад зөвхөн торгоод хэлбэр төдий өнгөрүүлнэ гэж юу яриад байна вэ. Улаанбаатар хот 1,5 сая хүн амтай, 1200 эмийн сантай. Манай Монгол шиг эмийг бараа шиг зардаг, хоол шиг түгээдэг газар байхгүй. Энд байгаа байцаагч нар эмийн мэргэжлийн хүмүүс. Эм бол хор. Гэтэл ямар ч стандарт, хяналтгүйгээр, жоргүйгээр олгодог. Би энэ олон эмийн санг цэгцэл гэж олон удаа хэлсэн. Нэг гудамжинд 4-5 эмийн хоолны газаргүй, эрүүл мэндий үйлчилгээний газаргүй хэрнээ энэ тооны эмийн сантай. Дээрээс нь бүртгэлгүй мөн сэтгэцэд нөлөөлөх эмийг хүртэл хууль бусаар хил гаалиар оруулж ирж байна. Зөвшөөрөл нь стандартын дагуу олгогддоггүй. ЭМЯ хүртэл стандартаа зөрчөөд зөвшөөрөл олгочихсон. Ширээний ард суусан жирийн нэг мэргэжилтэн ийм зүйл хийж байна шүү дээ. Ямар их эрх мэдэлтэй албан тушаалтан бэ? Нэртэйгээр нь 50 жилээр тусгай зөвшөөрлийг олгочихгүй. Иймээс эдгээр хуулиас давсан эрх мэдэлтэй хүмүүсийг хуулийн байгууллагад шилжүүл. 

Эм ханган нийлүүлэх Закира, Хүрмэн эмийн сан, Ази фарм, Түвшин од зэрэг компаниудын зөвшөөрлийг цуцална. Мөн их болон дунд эрсдэлтэй гарсан бүх эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцална. Битгий хууль бус үйл ажиллагааг дэмжээд бай.  "Монос", "Ази Фарм"-ын тусгай зөвшөөрлийг цуцла.  Эм найруулах өрөө тасалгаа, усан хангамжгүй юм байна шүү дээ.  Эмээ хаанаа найруулна гэж.