УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, УИХ-ын дэд даргад Л.Энх-Амгаланг нэр дэвшүүлэхээр болсон. Үүний дараагаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох асуудлаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 98.5 хувь нь Л.Энх-АМгаланг дэмжин УИХ-ын дэд даргаар сонголоо. 

Л.Энх-Амгалан 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн. Тэрбээр 1992-1995 онд МОНЦАМЭ агентлагт редактор, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1996 онд “Интерпресс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 1996-2012 онд Юнител групп, Юнивишн, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогджээ. Улмаар 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.