УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх товтой. Гэвч одоог хүртэл гишүүдийн ирц бүрдээгүй байна. Хурал удирдагч УИХ-ын дэд дарга гишүүдийг танхимд орж ирж, ирцээ бүрдүүлэхийг шаардаж байна.

Өнөөдрийн чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх товтой.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "Чуулганы хуралдаан 6 дахь удаагаа хуралдаж чадахгүй байх эрсдэл үүсээд байна. Ийм нөхцөл үүссэнд УИХ-ын нэрийн өмнөөс мэдээлэл хийх байсан МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүлцэл өчье. Өнөөдөр чуулганы танхимд ирсэн 36 гишүүний өмнөөс төрийн ажил гацаж буйд, УИХ-ын чуулганы хуралдаан 6 дахь удаагаа хойшилж буйд Монголын ард түмнээс хүлцэл өчиж байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр УИХ-ын чуулганы хуралдааныг тасалсан гишүүдийн цалинг хасах хуультай. Энэ хуулийн дагуу УИХ-ын дарга захирамж гаргаж, ирэхгүй байгаа гишүүдийн цалинг хасах ёстой. Жирийн төрийн албан хаагчид ажлаасаа 5 минут хоцорчихоод цалингаасаа хасуулдаг. УИХ-ын чуулганы танхимаас сахилга хуриуцлага эхлэх ёстой. Тиймээс  УИХ-ын дэгийн дагуу захирамж гаргаж, чуулганд ирэхгүй байгаа 32 гишүүнд сахилга хариуцлага тооцож, сануулга өгөх ёстой" хэмээв.