УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын өргөн мэдүүлсэн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

"Манай улсад хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлах, дарамт шахалтад өртөх явдал цөөнгүй гарч байгаа ч  хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байна.

...Уг хуулийн төсөл батлагдсанаар хүний эрхийн хамгаалагч, түүний үйл ажиллагааг тодорхойлох, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих, хараат бус ажиллах, эрх мэдлийн хувьд гадуурхагдсан этгээдийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг хүний эрхийн түгээмэл соёл төлөвших нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна" гэж хуулийн төслийг санаачлагч Д.Цогтбаатар гишүүн танилцуулгадаа онцоллоо.

Хуулийн төслийн танилцуулгыг Энд дарж уншина уу.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Манай улсад хүний эрх зөрчигдөж байна уу гэвэл зөрчигдөж байна. Үндсэн хуулиар тунхагласан 18 эрх бүгд зөрчигдөж байгаа. Хаана хүний эрх ноцтой зөрчигддөг вэ гэхээр нэгдүгээрт, дайн байлдаантай улсад, хоёрдугаарт, дотооддоо шашны зөрчилдөөнтэй улсад, гуравдугаарт, улс төрийн хатуу дэглэмтэй улсад илүү зөрчигддөг гэсэн судалгаа байдаг.

Гэтэл манай улсад гурвуулаа байхгүй. Тэгсэн мөртлөө жилд үйлдвэрлэлийн ослоор гэхэд л 200 орчим, автозамын ослоор 500-гаад хүн амиа алддаг. Энэ нь дайн байлдаантай улсаас илүү хүний эрх зөрчигдөж байна гэсэн үг. 

Бид Хүний эрхийн үндэсний комиссыг шүдгүй арслан байхад нь шүдтэй болгосон гэж ойлгож байгаа. Хуулийн төсөлд тусгасан Хүний эрхийн хороо байгуулагдаад хүний эрхийг хамгаалагчийн тогтолцоог монголын хөрсөнд хэрхэн буулгана гэж хар байна вэ" хэмээн асуулаа.

Хариултад нь хуулийн төслийг санаачлагч Д.Цогтбаатар "Энэ хуулийг боловсруулахад Хүний эрхийн үндэсний комиссынхон маш идэвхтэй оролцсон. Хуулийн төсөл боловсруулахад явцад мэргэжилтнүүд, бусад орны зөвлөхүүдтэй ярьж байхдаа нэг зүйлийг ойлгосон. Хүний эрхийн комисс гэдэг байгууллага дандаа том асуудлууд дээр ажиллаж байна. Гэтэл тэдний хүрэхгүй байгаа саарал орон зай, тэдэнд мэдрэгдэхгүй байгаа асуудлууд бий. 

Иймд Хүний эрхийн хороог байгуулснаар Хүний эрхийн үндэсний комисс бодитой ажиллах нөхцөлийг бий болгож, нөхөж ажиллана. Мөн Хүний эрхийн үндэсний комисс дангаараа энэ ажлыг хийхэд хүч хүрэхгүй" хэмээлээ.