УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид С.Соёмбо-Эрдэнийг дэвшүүлж буйгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцуулсан. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Монгол Улсын хэмжээнд шүүгчтэй холбоотой гомдлын 80 хувь нь хэрэгсэхгүй болсон гэсэн судалгаа гарсан. Энэ бол аймшигтай баримт мөн. Өнөөдөр Монголын 511 шүүгчийн шийдэж буй 2 хэрэг тутмын нэг нь гомдолтой үлдэж байна. Тэдгээрийн гомдлыг авч үзвэл: 

  • Ашиг сонирхолын зөрчилтэй, хэт нэг талд шийдвэр гаргасан 34 хувь, 
  • Хуулийг буруу хэрэглэсэн 20 хувь, 
  • Эрх мэдэл, мөнгөтэй хүнд үйлчилсэн 20 хувь гэж гарсан. 

Тэгэхээр Монгол Улсад шударга шүүх байгаа юм уу. Байхгүй байна ш дээ. Монголын 1 шүүгч жилдээ 500 хэрэг шүүдэг гэж байна. Ийм их ачаалалтай ажиллаж буй тухайн шүүгчээс үнэн шударга шийдвэр гарна гэдэг эргэлзээтэй. Олон улсын дунджаар нэг шүүгчид жилд 100-150 хэрэг оногдоход ихдээ орлоо гэж үздэг байна" хэмээн хэллээ.