УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Эрдэнэс Тавантолгой" компанийн лицензийн талбайгаас нүүрс алдагдсан талаарх мэдээллийг хянаж үзэх тухай албан бичгийг Засгийн газарт хүргүүлээд байсан юм. Тэрээр Засгийн газар уг асуудлаар хариу танилцуулга ирүүлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн лицензийн талбайгаас нүүрс алдагдалтай холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцсэн байна.

Би одоогоос  5 сарын өмнө "Эрдэнэс тавантолгой" компанийн тусгай зөвшөөрөлтэй талбай буюу Монгол Улсын гурван сая иргэний өмчөөс 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсаныг холбогдох байгууллагууд шалгаач гэсэн мэдээллийг хийсэн. Үүнтэй холбоотой асуудлаар тухайн үед АТГ-т хандсан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн ахицтай зүйл хийсэнгүй. 

Түүнээс хойш энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг өгч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан холбогдох байгууллагуудын ажлын хэсэг тодорхой хугацаанд ажилласан байна. 

Гаалийн ерөнхий газраас өгсөн дүгнэлтээр Монгол Улсын гаалиар эх үүсвэргүй 390 мянган тонн нүүрс гарчээ. Энэ нь Тавантолгойн орд газраас гарсан бөгөөд эх үүсвэр нь тодорхойгүй, олдохгүй байна гэжээ. Тиймээс  асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэх тухай шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. 

Хил хамгаалал ерөнхий газраас 2013-2017 оны хооронд нийт 849121 машин хилээр гарсан гэсэн мэдээлэл ирүүлсэн бол Гаалийн ерөнхий газраас 814000 мянган машин гарсан гэсэн мэдээлэл ирүүлж. Эдгээрийн хооронд 35000 машины зөрүү гарч байна. Дээрх оны хооронд цөөхөн хэдэн машин олон удаа хилээр гарсан. Зарим нь хоосон гарсан гэсэн мэдээлэл байна. Хоосон гарсан эсэхийг хууль хяналтын байгууллага шалгана гэж найдаж байна. Засгийн газраас үүнийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид үүрэг болгосон байна. 

Зөрүүгээр гарч буй тэр 35000 мянган удаа хилээр гарсан машинууд хоосон биш нүүрс ачиж гарсан бол энэ  нь маш их хэмжээний нүүрс хулгайгаар гарсан гэсэн үг. Тээвэрлэгч машинууд 80-125 тонн нүүрс тээвэрлэдэг. Дундажлаад нэг машин 90 тонн нүүрс тээвэрлэдэг гэж үзэхэд 35000 удаа хилээр гарсан тэр машинууд нүүрстэй гарсан бол 3.000.000 гаруй тонн нүүрсний асуудал гарахыг үгүйсгэхгүй. Засгийн газрын тэмдэглэлээс харахад энэ асуудлыг хууль, хяналтын байгууллага руу шилжүүлсэн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээс харахад Эрдэнэс Тавантолгойн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тонн нүүрс биш 340 мянган тонн нүүрс алдагдсан гэж тогтоосон байна.

Би ард түмнийг төлөөлсөн УИХ-ын гишүүний хувьд үүргээ биелүүлж байна. Монгол Улсын иргэдийн өмчөөс нэг төгрөгийн ч эд хөрөнгө шамшигдуулж болохгүй.

340 мянган тонн нүүрс нь ямар нүүрс болохыг тогтоосон ангилал байхгүй байна. Энэ хэмжээний нүүрсийг мөнгөн дүнгээр тооцож үзвэл 25 орчим сая ам.доллар буюу 60 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгө иргэдийн халааснаас алга болсон гэсэн үг. 

Гаалийн ерөнхий газрын шалгалтаас харахад эх үүсвэргүй гарсан 390 мянган тонн нүүрс ямар компаниар дамжсан бэ гэдгийг тогтоожээ. "Тавантолгой" компаниас 206 компани гэрээтэйгээр нүүрс дамжуулан борлуулдаг аж. Эдгээрээс ганцхан "Тавантолгой транс" гэдэг компани 390 мянган тонн нүүрсийг эх үүсвэргүйгээр хил нэвтрүүлсэн байна. Энэ нь аль нэгэн эх үүсвэрээс худалдаж авсан гэсэн санхүүгийн баримтгүй гэсэн үг юм. Нүүрс алдагдсан асуудлаар холбогдох зарим байгууллага ийм дүгнэлт гаргасан байгааг та бүхэнд албан ёсоор мэдэгдэж байна" хэмээв.