УИХ дахь ШИНЭ намын Зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хурлаар дөрвөн асуудал хэлэлцсэн байна.

Хуралдааны эхэнд өнгөрсөн долоо хоногт баталсан Сонгуулийн тухай хуулийн ололт нь юу байв гэдгийг хэлэлцэж дүгнэлээ. Сүүлийн 30 жилд анх удаа улс төрийн хүчнүүд эвлэлдэн нэгдэж ажиллах бололцоог бүрдүүлж өгсөн нь энэ хуулийн түүхэн ач холбогдол гэдэг дээр Зөвлөлийн гишүүд санал нэгдлээ. Үүнээс өмнө эрх барьж байсан МАХН /тухайн үеийн нэрээр/ Ардчилсан хувьсгалд оролцсон гол байгууллагуудыг сонгуулийн гадна үлдээх бодлого барьж ирсэн. Эрх баригчид олон нам эвсэж сонгуульд орохыг хязгаарлаж, хотод цөөхөн, хөдөө олон мандат хуваарилах гэх мэтээр зохион байгуулалалтын арга хэмжээнүүдийг байнга авч, захиргаадалтын арга хэрэглэдэг байсан. Сүүлдээ эвсэж орсон намуудын аль нэг нь эвслээс гарахад тухайн эвсэл задардаг дэлхийд байхгүй тогтолцоог Монголд нутагшуулсан. Харин энэ удаагийн Сонгуулийн хуулиар намчирхсан Монголчуудыг цэгцлэх заалтуудыг тусгаж өгсөн. Энэ бол ШИНЭ намын оруулсан бодит хувь нэмэр.


2016-2017 оны үеэс эхэлж, монголын 8000 гаруй хүүхэд дээр эмнэлзүйн туршилт хууль бусаар хийсэн, үүнээс улбаалж хүүхдүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар эцэг эхчүүдийн төлөөллийн мэдээллийг сонслоо. ШИНЭ намын зөвлөл гадаад улс орнуудад болон Монгол Улсад албан ёсны бүртгэлтгүй, зөвшөөрөлгүй вакциныг Монгол Улсад олон мянган хүүхэд дээр туршиж буйг буруушаав. Цаашид Монгол хүүхдүүд туршилтын туулай болох ёсгүй гэдэг үүднээс ирэх оны эхний сард багтааж, энэ асуудлаар УИХ-ын түвшинд Нийтийн сонсгол зохион байгуулах, мөн Эрүүл мэндийн сайдад хандаж асуулга тавих шийдвэр гаргалаа. Зөвшөөрөгдөөгүй эмийг хүүхэд дээр турших нь эрүү шүүлттэй адилхан гэж олон улсад үздэг аж. Эцэг эхчүүдийн төлөөлөл энэ асуудлаар гомдол гаргасан ч тухайн үед энэ хэргийг шалгаж байсан прокурорууд хэргийг үндэслэлгүй гээд хаасан байна.


Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын Баян-айрагтын уурхайд цианид натри алдагдаж, олон зуун ан амьтан, шувууд болон мал сүрэг үхэж үрэгдэж байгаа талаар мэдээлэл ирсэн. Энэ талаар ШИНЭ намын зөвлөл дээр мэдээлэл авахаар төлөвлөсөн ч холбогдох албаны хүмүүс нь ирсэнгүй.


Хурлын төгсгөлд УИХ-ын гишүүн, ШИНЭ намын төв зөвлөлийн дарга Л.Болд хэлэхдээ “УИХ-аар Эрүүгийн хууль, Хөөн хэлэлцэх асуудал зэргийг хэлэлцэх гэхээр ирц бүрдэхгүй байгаа. Хоёр жилийн өмнөөс хөөн хэлэлцэх хугацааг багасгасан хулгайн хуулийг баталсан. Үүний гороор төрийн өмч хөрөнгө шамшигдуулсан этгээдүүд ял завших нөхцөл байдал үүсчихээд байгаа. ШИНЭ намын УИХ дахь зөвлөл үүний эсрэг тууштай тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн юм.