ОУПХ-ны УЗ-өөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооноос Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан ЭРҮҮДЭН ШҮҮЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ! сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Хуульзүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Түр хорооны дарга Ж.Батзандан, түр хорооны гишүүн Л.Болд болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагууд, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан:

Өнөөдөр Олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, НҮБ-аас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 67 дахь жилтэйгээ золгож байна.

Орон орон энэ өдрийг Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, хүний эрхийн талаар гүн гүнзгий ойлгуулж сурталчлахын тулд өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Монгол улсын дараахь хүний эрхийн Олон Улсын гэрээнүүдэд нэгдэн ороод байна. Үүнд:

  • НҮБ-ын хүний эрхийн олон улсын суурь гэрээ
  • Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц
  • Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын      нэмэлт протокол
  • Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын II нэмэлт протокол
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц
  • Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын гэрээ, конвенциуд
  • Хүний эрхийн олон улсын бусад гэрээ зэргийг нэрлэж      болно.

Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенциуд Монгол Улсын хуулийн нэгэн адил Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилнэ гэж Үндсэн хуульд заасан байдаг. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хуулийн байгууллагууд, шүүх, прокурор, мөрдөн байцаах газар, тагнуулын ажилтнуудын хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрч, хүний эрхийн зөрчлүүд газар авч байна гэсэн гомдол УИХ дээр олноороо ирэх боллоо. Ийм учраас УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудлыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны даргын хувьд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хүний эрх гэдэг бол хоосон тунхаг, лозун биш ээ. Хүний эрх бол бодит зүйл, бидний үнэт зүйл юм. Хүний эрхийг хамгаалахын төлөө хамтдаа дуу хоолойгоо өргөе” гэлээ.

УИХ-ын гишүүн, Түр хорооны гишүүн Л.Болд:

“Бид хүний эрхийн төлөө, “хонгил”-ыг бүрмөсөн нураах тэмцлийн эцсийн шат руугаа орж байна. Хоёр хоногийн өмнө бид говийн аймгуудад ажиллаад ирлээ. Тэнд Т.Чимгээгийн ээжтэй уулзлаа, тасралтгүй уйлж байна. Нэг минут тэсч, тэвчиж чадахгүй нөхцөл байдалд гэр бүлийнхнийг нь оруулж байна. Энэ олон сар, жил итгэл найдвар тээсээр шоронд хоригдож байгаа. Гэвч тэр итгэл найдварыг нь таслах гэж оролдож, дарамталж байна. Т.Чимгээ шоронд байхдаа охиноо алдсан, сая ачтай болсон байна. Эх хүний хувьд тэр хүнийг ямар нөхцөлд байгааг таашгүй, аймшигтай байна. Тэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шоронд нь дуусгах зорилготой, бритва оруулж өгдөг, судсаа хана гэж. Өглөө болгон хаалганых нь үүдэнд нь хятад будаг оруулж тавьдаг. Тэрийг уух юм бол хүн шууд үхнэ. Б.Содномдаржаагийн гэр бүлийг байнга дарамталдаг, тэр нөхрөөсөө сал, хэзээ ч гарч ирэхгүй, үр хүүхдээ бод, өөр хань нөхөртэй бол гэж 24 цагийн турш шахаж дарамталдаг. Монголын төрд ажиллаж байгаа хэдхэн албан тушаалтан энэ хэргийг хэн нэгэнд яаж ийгээд тохож, өөрсдөө гэм зэмгүй үлдэх гэсэн санаагаа биелүүлэхийн төлөө зүтгэж байна. Биднийг яагаад Т.Чимгээ, Б.Содномдаржаагийн төлөө зүтгээд байдаг юм бэ гэдэг. Яагаад гэвэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр бол Монголын ард иргэдийн төлөөлөл. Энэ хэрэг ингээд замхарвал, Монголд дарангуйлал тогтож, хэнийг ч ийм хувь заяа хүлээж байж мэднэ. Энэ бүхнийг төгсгөхийн тулд бид тэмцэх ёстой” гэв.

ХЭҮК-ын Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир

Эрүү шүүлтэд өртсөн гэх 2018 онд 30, 2019 онд 54 гомдол хүлээж авсан бөгөөд тэдгээрийн агуулгаас үзэхэд хуулийн байгууллагын ажилтууд хэрэгт холбогдсон этгээдийн бие махбод, сэтгэл санааг аливаа хэлбэрээр шаналган зовоох, эрүүдэн шүүх, хүнлэг бусаар нэр төрийг нь доромжлон гутаах, ар гэрийнхэнтэй нь зүй бус харьцах, дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх явдал байсаар байна.

“Эмнести интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа:

“Төр эрүүдэн шүүхийн хохирогчдод тусламж үзүүлэх үүрэгтэй. Гэтэл Монгол Улсад гэрч, хохирогчийг хамгаалах механизм байхгүй. Эрүүдэн шүүхийн хохирогчид үзлэг хийх эмч мэргэжлийн өндөр ёс суртахууныг сахих, эрүүдэн шүүсэн гэмт хэргийг илрүүлэхэд оролцох, төрийн нууц гэдгээр эрүүдэн шүүх үйлдлийг хайцаалах боломж олгохгүй байх, эрүү шүүлтийг зөвхөн хорих ангид гардаг гэдэг ойлголт хандлагаас салгаж, бусад салбарт гарч буй эрүүдэн шүүх үйлдлийг илрүүлэх таслан зогсоох, учирсан гэм хорыг арилгуулах арга хэмжээ яаралтай авах шаардлагатай байгаа.

Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат:

“Миний дүү Т.Чимгээг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн аймшигт хэрэгт холбогдуулаад, дөрвөн жил шоронд хорьж байна. Хэрвээ миний дүүгийн хашаанд цогцос хаяагүй бол, миний дүүгийн толгойд хар уут углаж, гарт нь гавтай түлхэж оруулаагүй бол, өвлийн хүйтэнд шүүх хуралд аваачихдаа зөвхөн углааштай авч яваагүй бол, эмэгтэй хүнийг гурван сар усанд оруулахгүй, харанхуй хонгилд хориогүй бол, өөр камераас шалдан нүцгэн эрэгтэй хүн өрөөнд нь оруулж дарамтлаагүй бол би эрүүдэн шүүлт гэдэг юмыг өнөөдөр Монгол Улсад байхгүй, би Ардчилсан сайхан оронд амьдарч байна гэж бодож явах байлаа. Өнөөдөр би энэ бүхнээс хараад, эрүүдэн шүүлт гэж ямар аймшигтай байдаг юм бэ гэж боддог. Тухайн үед би эрүүдэн шүүлтийн талаар шүүх, прокурор, тагнуул гээд бүх байгууллагад хандаж байсан боловч надад хариу хэлж байгаагүй. Тэгэхээр эрүүдэн шүүлтийг хэрхэн таслан зосгоох вэ гэдэг дээр би иргэн хүний хувьд саналаа хэлье. Би хуульч биш, би барилгачин хүн. Хуульчдын холбоо гэж том холбоо байдаг юм байна. Тэр холбоо нь шударгаар сонгон шалгаруулалт явуулж, ёс суртахууны хувьд тэнцсэн улсуудаа шүүх, прокурорын зохих албанд тавьдаг баймаар байна. Хэн нэгэн даргын татаасны хүмүүс энэ салбарт ажилласнаас болж, эрүүдэн шүүлт гэдэг юм бий болчихоод байна.” гэв.

Иргэн О.Энхжаргал:

“Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү, Ховд нутгаас гаралтай хэсэг бүлэг хүмүүс миний 100 хувийн хөрөнгө оруулалт хийсэн ордыг булааж авахын төлөө надад зохиомол хэрэг үүсгээд, маш их эрүүдэн шүүж, тамлаж зовоож байна. Хэдхэн жишээ хэлье. Би 2015 онд 55 настайдаа 2 ихэр хүүхэд төрүүлсэн юм. Энэ бол тэр бүр хүнд тохиогоод байхгүй завшаан. 2 дугаар төрөхөд хүүхдээ төрүүлээд, дөрвөн цагийн дараа өөрөө цус алдаад, хоёр хүүхэд маань аппаратад байхад мөрдөн байцаах газрын мөрдөгч Баярмагнай гэдэг хүн намайг халат, углааштай машинд чирж оруулаад авч явж байсан. Хүүхдүүд маань эхийнхээ сүүг амалж чадаагүй байхад, сүү цус хоёрыг маань дуслуулж байгаад чирээд явж байсан. Айлгаж байгаад памперсны мөнгийг маань хурааж авсан. Тэдний зохиосон хэрэг нь хэрэгсэхгүй болоод хоёр жил болж байхад миний мөнгийг өгөхгүй байна.” гэлээ.

Хэлэлцүүлэгт оролцогч эмэгтэйчүүд “Хүний эрхийг зөрчсөн эрүүдэн шүүлтийг таслан зогсооё” гэдэг дээр нэгдэж, цаашид энэ чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо.