Ардчилсан нам тус намын гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болдын сонгуульд нэр дэвших хугацааг 4 жилээр хязгаарласан. Үүний дараа Л.Болд гишүүн Ардчилсан намын гишүүнчлэл болон УИХ дахь АН-ын бүлгээс гарах хүсэлтээ дарга нартаа хүргүүлээд буй юм.

Тэгвэл тэрээр өнгөрсөн лхагва гарагт хуулийн хугацаа болох 30 хоногийн дотор АН-ын болон АН-ын бүлгийн дарга нар хүсэлтэд нь хариу ирүүлээгүй учир гишүүнээс хассан хэмээн үзэж, үүнийг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн.

Энэ талаараа УИХ-ын гишүүн Л.Болд "Засгийн газрыг огцруулах тухай асуудалд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг эдэлж өгсөн санал дээр минь АН хууль бусаар арга хэмжээ авч, УИХ-ын гишүүн хүний УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг хассан. Гэтэл би ард түмнээс мандат авсан, очоод тайлангаа тавъя гэхээр нэр дэвших эрхгүй болчихоод байдаг. Энэ нь зайлшгүй намайг намаасаа зайлуулж буй хэрэг. 

Би нэр дэвших эрхээ хадгалж байна. Надад энэ эрхээ хадлагах ганц зам үлдсэн нь бие даан нэр дэвших. Би бие дааж нар дэвшинэ. Энэ асуудлаар сонгогчидтойгоо очиж уулзаж, зөвлөлдсөн. Сонгогчид маань "таныг гэж сонгосон болохоос намыг сонгоогүй. Та бие даагчаар хүрээд ир, бид таныг сонгоно" гэж надад хэлсэн. Ер нь бол хүнийг хүчээр нэг ч намд байлгаж болохгүй. Цаанаа бүртгэлтэй байгаа ч тухайн хүн гишүүнээс татгалзахаа мэдэгдсэн тэр өдрөөс тус намын гишүүн биш болсон үг" хэмээв.