УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Яг одоо хэлэлцэх буй асуудлуудын жагсаалттай холбоотойгоор УИХ-ын гишүүд саналаа хэлж байна.

Энэ үеэр УИХ-н гишүүн Л.Болд "Өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор Оюу толгойн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн. Энэ бол бидний хэдэн жил хүлээсэн дүгнэлт. Дүгнэлтийг хэлэлцсэний дараа УИХ өөр ямар нэгэн асуудал хэлэлцэх бололцоогүй гэж харж байна. Оюу толгойн талаар Монголын нийгэмд газар хөдлөлт шиг дүгнэлт хэлсэн. Төрийн агентлагууд, Монголын төр ямар өрөвдөлтэй нөхцөлд байгааг өчигдөр байнгын хорооны хуралдаанаас харсан байх. Тэгэхээр өнөөдөр чуулганаар энэ дүгнэлтийг хэлэлцэх ёстой. Ингэж байж ард түмнийхээ өмнө Оюу толгойн асуудлыг яах ёстой, цаашид хаашаа явах ёстой вэ гэдэг дүгнэлт хийх хэрэгтэй. Үүнээс нааш Монголын төр, төрийн агентлагууд юу ч болоогүй юм шиг өөр асуудал хэлэлцээд сууж болохгүй. 

Төрийн агентлагууд нь Монгол Улс ашгаа 2048 оноос, 2038 оноос авна гээд маргалдаад сууж байна. Бодоод үз, 2028 он байсан ч энэ бол аймшигтай зүйл. Өнөөдрийг хүртэл 10 гаруй жил Оюу толгойд олборлолт хийсэн ш дээ. Монголыг тэжээх хамгийн том төслийнхөө асуудлаар Монголын төр ийм арчаагүй нөхцөлд байж болохгүй. 

Өнөөдөр Монголын төр, ард түмэн Оюу толгойн асуудлаар ойлголтоо нэгтгэж авч байж, цаашид хийх бүх асуудал бодитой, үр дүн нь тодорхой болно.

Үүний цаана ямар том орд, хувь заяа явж буйг бүгд ойлгож байгаа байх. Бид энэ асуудал дээр ингэж дээрэлхүүлж, мөлжүүлж, Монгол Улсынхаа хөгжлийг мухардалд оруулах замаар хүлцэнгүй загнах ямар ч бололцоо байхгүй" хэмээлээ.


Оюу толгойн Ажлын хэсгийн дүгнэлтийг энд дарж уншина уу.