Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр манай улсад сүүлийн 24 цагт нийт 1.220 хүнээс коронавирус илэрчээ. Тэдний 1.094 нь Улаанбаатар хотод, 114 нь орон нутагт бүртгэгдсэн бол 10 нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн, 2 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.

Улмаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдол 17.823 болж, тэдний 10.253 нь эдгэрч, нийт нас баралт 29 болжээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "ЭМЯ болон ХӨСҮТ анхнаасаа 28 хоног буюу өвчний нууц хугацааны турш хатуу хөл хорио тогтоох санал гаргасан. Бид нөхцөл байдлыг үнэлж энэ хугацааг хэлсэн. Одоо бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосон ч ойрын хавьтал болсон, нууц хугацаандаа байсан иргэд олноор илэрч, халдварын тоо өсөж байна. 

Хөл хорионы төгсгөл үед илүү олон нас баралт гарах магадлалтай байна. Үүнийг би өмнө нь ч хэлсэн. Иргэддээ нөхцөл байдлыг шууд хэлэх нь зүйтэй. Улмаар хөл хорионы төгсгөлд халдварын тоо буурахгүй, нас баралт нэмэгдвэл дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай" хэмээлээ.

Мөн тэрээр "Иргэд бид вакцин хийлгэсэн ч бай, хийлгээгүй ч бай энэ өвчнийг дуустал халдвар хамгааллын дэглэмээ сайн барих ёстой. Урин дулаан цаг ирсэн учир гэр болон албан байгууллагынхаа агаарын сэлгэх хэрэгтэй. Агаар сэлгэлт дээр гаргадаг нийтлэг алдаа нь хүмүүс цонхоо онгойлгосон л бол агаар орж, сэлгэгдэж байна гэж ойлгодог. Гэтэл агаар сэлгэлт гэдэг нь цонхоо онгойлгоод давхар тухайн өрөөнийхөө хаалгыг онгойлгож, агаарын бүрэн урсгал бий болгосноор илүү үр дүнтэй хийгддэг.

Мөн хоол идэхдээ амны хаалтаа авдаг учир халдвар тархах эрсдэл өндөр. Иймд олон улсад албан байгууллага дээрээ болон гадуур хоол идэхдээ хоорондоо ярихгүй, доошоо харж хоол идэх зөвлөмжийг мөрдөж байна. Энэ нь маш энгийн мөртлөө өндөр ач холбогдолтой" гэдгийг зөвлөв.