Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар коронавирусийн эсрэг вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгаж өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа.

Энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дэлхий нийтээрээ цар тахлыг даван туулах цор ганц арга нь вакцин. Тиймээс монголчууд бид эдийн засгаа нээж, энгийн, шинэ, идэвхтэй, эрүүл амьдралын хэв маяг руу шилжихэд вакцинжуулалтыг бусад улс орноос түрүүлж, тэргүүн эгнээнд зохион байгуулахаас өөр гарц байхгүй. Монгол хүн өвддөггүй гэж нэг хэсэг нь ярьсан. Энэ нь худлаа болж таарсан. 

Вакцинжуулалтыг зохион байгуулахаас өмнө "Нэг хаалга-нэг шинжилгээ"-г авч, бэлтгэл ажлыг хийж, суурь нөхцөлийг хангаж байна. 

Вакциныг татан авах ажлыг өнөөдрөөс эхлүүлж, 7-10 хоногт зохион байгуулна. Маш нарийн горимоор тээвэрлэж хадгалдаг учир стандартын дагуу мэргэжлийнхэн сургуулилт хийсэн байна. Мэргэжлийн хяналтын маш нарийн хяналт дор вакциныг авчирна. Улмаар иргэдэд үе шаттай хийнэ.

Нэн тэргүүнд хөгжлийн бэрхшээлтэй, суурь өвчтэй зэрэг коронавирусийн халдварт өртвөл хамгийн эрсдэлтэй байх хүмүүсийг вакцинд хамруулна. Мөн эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн алба хаагчид зэрэг голомтод ажиллаж бүй хүмүүсийг вакцинжуулна.

Ерөнхий сайдын хувьд би хамгийн эхний тунг хийлгэнэ. Ерөнхий сайд хийлгэж буй нь бусад хүнд аюулгүй гэсэн баталгааг өгнө. Тиймээс миний бие хамгийн анхны тунг тариулж, нийт иргэддээ уриална" хэмээлээ.


Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.