УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Яг одоо УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж байна. Түүний хариултуудаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  1. Хүн амаа нийтэд нь коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулна. Ойрын хугацаанд вакцинжуулах боломжтой талаар хариу авчихсан байгаа.

  2. Таван толгой-Гашуун Сухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Нефтийн үйлдвэр, Эрчим хүчний станцуудын үйл ажиллагааг үргэлжлүүлж, хурдан хугацаанд барьж дуусгана. 

  3. Засгийн газар дээр томоохон маргаан дагуулдаг Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар тогтмол мэдээлж байна. Ингэснээр парламентын гишүүд нэгдсэн ойлголттой болно.  

  4. Том төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, эдийн засагт хамгийн үр өгөөж өгөх төслөөс эхлээд санхүүжүүлэх бодлого барьж ажиллана.

  5. Орон сууцтай холбоотой асуудалд үе үеийн Засгийн газрын сайн бодлогуудыг авч хэрэгжүүлнэ. Төрийн албаны данхгар бүтцийг илүү гүйцэтгэлд тулгуурласан алба болгон шинэчлэх шаардлагатай байна.

  6. Төрийн  өмчийн үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнуудын цалин хангамж болон бусад асуудал дээр томоохон өөрчлөлтүүд хийнэ. Гэхдээ Төрийн өмчит үйлдвэрийн газар байна гэдэг буруу, бүгдийг нь хувьчлах ёстой гэсэн асуудал дээр би 100 хувь санал нийлдэггүй. Хэрвээ хувьчлал хийгдвэл дотоодын биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжигдах ёстой. 

  7. Монгол Улсын Үндсэн хуулийг бүх иргэн, төрийн байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй. Үүний хүрээнд Засгийн газар ажиллана. Үүргээ биелүүлнэ. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл бие биедээ хяналттай, тэнцвэртэй, хараат бус шүүхтэй байх ёстой. Энэ хяналт тэнцвэрийг барьж ажиллана. 

  8. Өртэй холбоотой асуудлуудын ихэнх нь хөрөнгө оруулалт хийгдээд явж байгаа төслүүд байгаа. Улсын төсөв 4,5 их наяд, ДНБ-ий 11 орчим хувиар тасарч байна. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр тогтвортой, цаашдаа өсөх хандлагатай байгаа тул цалин тэтгэвэр, тэтгэмжээ тавьж чадахгүй хэмжээнд очихгүй гэж итгэж байна.

  9. Эдийн засгийн яам, Цахим хөгжлийн яам нэмж байгуулна. Энэ асуудлыг намрын чуулганд оруулж хэлэлцүүлнэ. Энэ хүнд үед сандал ширээний болон яамдын бүтэцтэй холбоотой асуудал дээр өөрчлөлт хийхгүй.