Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай нислэгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу 12 дугаар сард нийт 3 удаагийн тусгай нислэг үйлдэхээр болоод байсан ч иргэдийн хүсэлт, бусад нөхцөл байдлаас шалтгаалан Франкфурт хот руу нэмэлт нэг нислэг үйлдэхээр боллоо. Улмаар энэ сард нийт 4 нислэг хийнэ.

11 дүгээр сард Франкфурт руу үйлдэх байсан нислэг нь 250 хүний суудалтай том онгоц байсан. 12 дугаар сарын 20-д гартал том оврын онгоц тусгай захиалгат ачааны нислэгтэй байгаа. Иймд иргэдийг олон хоног хүлээлгэхгүйн тулд энэ сарын 16-нд Франкфурт руу жижиг онгоцоор  нислэг хийхээр төлөвлөсөн. Улмаар 17-нд дахин нэг нислэгийг жижиг онгоцоор үйлдэхээр болж байна.

Дээрх 4 нислэгээр нийт 720 гаруй иргэн эх орондоо ирнэ.

Гадаадын 17 улсад манай улсын 100 гаруй иргэн санхүүгийн хүнд нөхцөлд байна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Бид энэ дагуу НҮБ-ын Олон улсын шилжил хөдөлгөөний байгууллагатай хамтарч ажиллаад гадаадын 11 улсад байгаа 48 иргэнд нислэгийн тийзийг нь худалдан авч өгөх, тусгаарлах байрны зардлыг Иргэдэд туслах сангаас гаргах зохицуулалтуудыг энэ сард хийнэ.

Мөн бид Монголоос гадаадын улсууд руу явах хүмүүсийг тусгай нислэгээр явуулж байгаа. Япон руу явах иргэдийн дийлэнх нь энэ сард яваад дуусна. Үлдсэн хүмүүсийг цаашдын нислэгүүдээр явуулна. 

12 дугаар сарын 25-нд БНСУ руу үйлдэх нислэгт гуравдагч орон руу дамжин өнгөрөх иргэдийг зорчуулахаар МИАТ, БНСУ-ын талтай хэлэлцэж байна" хэмээлээ.


12 дугаар сард үйлдэх тусгай нислэгүүдийн хуваарь

  1. Франкфурт - 12 дугаар сарын 16-нд
  2. Франкфурт - 12 дугаар сарын 17-нд
  3. Токио - 12 дугаар сарын 20-нд
  4. Сөүл - 12 дугаар сарын 25-нд