УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр улс төрийн 17 намын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан санал солилцов.

Тус уулзалтын үеэр Ард түмнээ хайрлая намын дарга Д.Гүндалай "Үндсэн хуулийг өөрчлөх гээд их ажил болж байна. Энэ нь ч зөв. Гэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарахгүй бол болохгүй. Ялангуяа сонгуулийн хуулийг нэг мөр болгох хэрэгтэй. Миний мэдэхээр сонгуулийн тухай хуульд хэд хэдэн удаа өөрчлөлт хийлээ. Болохгүй байна, болохгүй байна гээд л өөрчилдөг. Тэгээд хамгийн их шүүмжилж байсан асуудал болох 76 гишүүнтэй байхыг батласан жишээтэй. 

Тэгэхээр эцэг хуульд өөрчлөлт оруулах гэж буй бол энэ асуудлыг яс заагаад өгчихмөөр байна. Миний бодлоор 100 хувь пропроциональ байвал дээр байх. Тал нь пропроциональ, тал мажоратори системээр явагдана гэхээр бас л жижиг тойргийн асуудал гарч ирнэ. 

Тэгэхээр 65 гишүүнтэй, Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний эрх мэдэлтэй Монгол Ардын нам улс орныхоо төлөө үүнийг зоригтойгоор хийчих нь зөв байх. Хангалттай хэлэлцүүлэг хийж, намуудын дарга нарыг хангалттай сонслоо. Ерөнхийлөгчөөс ч олон санал ирлээ. Энэ бүхнийг аваад, бүгдийг зоригтой шийдээд, тэр тусмаа пропроциональ руу явчихвал илүү дээр гэж бодож байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Уулзалтад Монгол үндэсний ардчилсан нам, Иргэний Зориг-Ногоон нам, Эх орон нам, Монголын либериал нам, Бүгд найрамдах нам, Иргэний хөдөлгөөн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Монгол консерватив нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Дэлхийн монголчууд нам, Хамуг монгол хөдөлмөрийн нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн намын удирдлагууд болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Улсын Их Хурлын гишүүн асан Д.Очирбат, АН-ын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан Н.Батбаяр нар оролцсон юм.