Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Жорж Мейсоны их сургууль хооронд өчигдөр орой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд ШУТИС, Жорж Мейсоны их сургуулиуд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Жорж Мейсоны их сургууль нь АНУ-ын Вержиниа мужид байрладаг судалгааны их сургууль юм. Санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр тэргүүлэгч энэ сургууль 1949 онд байгуулагдсан. АНУ-д дөрөв, БНСУ-д нэг салбар сургуультай.

Өнөөдөр байгуулсан гэрээний хүрээнд 2+2 хөтөлбөрт хамрагдах оюутны голч дүн 2.75-аас доошгүй, TOEFL IBT 80 болон түүнээс дээш, IELTS 6.5 оноотой байхыг шаардаж байна. Гэрээнд 90 хүртэлх кредитийг сургууль хооронд шилжүүлэхээр тусгалаа.

Жорж Мейсоны сургууль гадаад оюутнаас нэг жилд 26 мянган ам. долларын төлбөр авдаг. 

Тэгвэл уг гэрээний хүрээнд зөвхөн Монгол оюутнуудад таван мянган долларын тэтгэлэг олгохоор болж байна.

Дээр нь тухайн оюутан шилжин суралцсан хоёр дахь улирлаас эхлэн сурлагын амжилтаас хамаарч 12 мянга хүртэлх долларын төлбөрийн хөнгөлөлт эдлэх  боломжтой боллоо.  


Энэ жишгээр дараагийн гэрээг Боловсрол, шинжлэх ухааны яам Канзасын их сургуультай байгуулахаар ажиллаж байна гэж БШУ-ы яамнаас мэдээллээ.

Энэ талаар сайд Л.Энх-Амгалан "Цахимаар зохион байгуулсан хамтын ажиллагааны арга хэмжээнд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр оролцлоо.

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутнууд 2 дугаар курсээ төгссөний дараагаар Жорж Мейсон их сургуульд шилжин суралцах боломжтой болж байна.

Оюутанд тавигдах шаардлагын хувьд хамгийн багадаа голч дүн 2.75 буюу бидний хэлж заншсанаар -B үнэлгээтэй оюутан элсэн суралцах боломжийг нээж өгсөн. TOEFL IBT 80-аас дээш, IELTS 6.5 оноотой байхыг шаардаж байгаа.

Бакалаврын хөтөлбөр 120 ба түүнээс дээш кредит цагтай байдаг. Харин энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр 50 хувийн кредитийг Монголдоо үзнэ. Үлдсэн 2 жил буюу 50 хувийн кредитийг АНУ-ын Жорж Мейсон их сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжтой.

ШУТИС-ийн жилийн төлбөр ойролцоогоор 3,500,000 төгрөг. Оюутан эхний 2 жилийн хугацаанд Монголд дахь сургалтын төлбөртөө 7,000.000 орчим төгрөг зарцуулдаг. Жорж Мейсон их сургуулийн гадаад оюутны төлбөр дунджаар 26,000 ам.доллар байдаг. Энэ ханшаар 4 жил суралцахад 104,000 ам.доллар буюу 296,400,000 төгрөгөөр суралцах тооцоо гарч байна. /1 ам долларыг 2850-аар бодсон/

2+2 хөтөлбөрийн дагуу Монголд-2 жил, Америкт-2 жил онцсайн суралцахад 104 мянган ам доллар биш 20 мянган ам.доллароор суралцах тооцоо гарч байна.
Монгол төгрөгөөр тооцвол 58,000,000 төгрөгийн хэмнэлт болж байна.

Монголоос шилжин суралцах оюутан жилд 5,000 ам долларын сургалтын тэтгэлэг авна. Дээр нь 2 дугаар семистрээс эхлэн сургалтын амжилтаас хамаарч 12.000 ам доллар хүртэл хөнгөлөгдөх боломжтой.

Амжиргааны зардлыг тооцолгүйгээр АНУ-Д 2 жил суралцахад дунджаар 52,000 ам.долларын төлбөр гардаг. Харин хөтөлбөрийн хүрээнд энэ төлбөр дунджаар жилийн 9000 орчим, 2 жилийн 18,000 ам доллар орчим болж буурч байгаа" хэмээлээ.