Тэмбүүгийн өвчлөлийг бууруулах зорилгоор нийт хүн амд чиглэсэн, бэлгийн замаар дамжих халдвараас хэрхэн сэргийлэх вэ гэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгээг нэмэгдүүлэх, залуучууд, эрсдэлт бүлгийн хүн амыг үзлэг, шинжилгээнд хамруулах эрүүлжүүлэх, жирэмсний хяналтыг сайжруулах зэрэг олон архга хэмжээг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээлийн үеэр Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн "Халдварт өвчин эмбүүг устгая" үйл ажиллагааны хүрээнд дээрх олон ажлыг улс орон даяар зохион байгууллаа. 

Тухайлбал, тэмбүү хүний дархлал хомсдолын вирусын халдвар илрүүлэх үзлэг шинжилгээг халдварт болон халдварт бус өвчний илрүүлэг үзлэгтэй хамтатган аймаг бүр өөрийн онцлогт тохируулан зохион байгуулсан. Улмаар 96.289 иргэнд шинжилгээ хийж, 765 тэмбүүгийн шинэ тохиолдол илрүүлэн эрүүлжүүллээ.

Өндөр эрсдэлт бүлгийн 1271 хүн, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд гэсэн 10 аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн 6000 гаруй ажиллагсдыг, 6 аймгийн 10 сумын 38 аж ахуйн нэгжийн гар аргаар алт олборлогч 870 хүнд, 15 аймгийн алсын тээврийн 2140 жолооч зэрэг нийт 20620 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулсан. Үүнээс 279 тэмбүүгийн шинэ тохиолдол илэрснийг илрүүлсэн. 16000 гаруй оюутан, 1663 орон гэргүй иргэдэд шинжилгээ хийснээс тэмбүүгийн 219 тохиолдлыг илрүүлж, эмчилсэн. 

Мөн жирэмсний хяналтыг сайжруулах чиглэлд онцгой анхаарч, улсын хэмжээнд давхардсан тоогоор 29290 жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийж, 850 орчим тэмбүүгийн тохиолдол илрүүлэн, эмчиллээ.

Тэмбүүг устгах дээрх үйл ажиллагааг эрчимжүүлснээс хойшхи дөрвөн сарын хугацаанд улсын хэмжээнд нийт 218.000 гаруй иргэнд үзлэг, шинжилгээ хийж, тэмбүүгийн 3682 тохиолдол, 1716 хавьтлыг илрүүлэн эмчлэн эдгэрүүлсэн" хэмээн мэдээллээ.

ЭМЯ, ЭМЯ-ны дэргэдэх бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ-ын мэргэжлийн салбар зөвлөл, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-ийн хамтарсан баг 15 аймагт тус үйл ажиллагаанд дэмжлэгт хяналтыг хамтран зохион байгуулжээ. Мөн 12 аймгийн 500 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг тэмбүү өвчний оношилгоо, эмчилгээ, хавьтлын илрүүлэг, эмчилгээний хяналтын талаар давтан сургасан байна.

"2019 оны эхний 10 сарын статистикаас харахад бэлгийн замаар дамжих халдварын 13685 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 38 хувийг эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халварын тохиолдлын 40.3 хувь нь тэмбүүгийн өвчлөл байна. Энэ онд тэмбүүгийн нийт 5517 тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 503 тохиолдлоор нэмэгдсэн нь "Тэмбүүг устгая" үйл ажиллагааны эрт илрүүлэгт иргэдийг хамруулсны үр дүн гэж үзэж байна.

Тэмбүүгийн үзүүлэлтийг аймгаар нь авч үзэхэд Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотод улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна. Иргэдийг бэлгийн заваар дамжих халдварын үзлэг шинжилгээнд хамрагдах, үнэ төлбөргүй эмчлэх, хувь хүний нууцыг хадгалах  чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Гэвч хавьтлыг илрүүлж, эмчлэх ажил хангалттай бус байна. Энэ бол дан ганц эрүүл мэндийн салбарын ажил биш, иргэд бидэнтэй хамтарч ажиллах ёстой.

Цаашид бид "Халдварт өвчин тэмбүүг усгая" ажиллагааны хүрээнд бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, бэлгийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр хүн амд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг эрчимжүүлэн ажиллах болно" гэдгийг Эрүүл мэндийн Дэд сайд онцоллоо.